Шууд Chart

Их Британи Европын холбоог шинэчлэх тухай төслөө танилцууллаа

2016-02-03 16:38:46

Их Британи Европын холбоог шинэчлэх тухай гэрээний төслөө танилцуулжээ. Энэхүү төсөл дэмжлэг авсан нөхцөлд Европын холбооны үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт авчирна гэдгийг тус улсын ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн байна. Их Британи болон Европын холбооны төлөөлөгчдийн хооронд олон сар үргэлжилсэн яриа хэлэлцээний эцэст Европын зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск Их Британийн боловсруулсан гэрээний төслийг хэвлүүлж, Европын холбооны гишүүн орнуудад тараасан юм.

Энэ гэрээний төсөлд өмнө нь мэдээлж байсанчлан цагаач ажилчдад нэмэлт тэтгэмж олгохыг түр зогсоох, Европын холбооны парламентад үндэсний парламентуудын эдлэх эрх мэдлийг нэмэгдүүлэх, евро бүсэд нэгдээгүй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг гол заалтууд тусгагдсан байна.  Гэхдээ энэ сарын 18-19-ны өдрүүдэд болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтаас өмнө тус гэрээний зарим хэсгийг дахин нарийвчилж хэлэлцэх шаардлага байгааг Дэвид Кэмерон хүлээн зөвшөөрчээ.

Ирэх зургаадугаар сард Их Британид зохион байгуулагдах бүх нийтийн санал асуулгаар тус улс Европын холбоонд үлдэх эсэхийг шийдвэрлэх юм. Европын холбоонд шинэчлэл хийх Их Британийн санал дэмжигдсэн нөхцөлд тус улс Европын холбоонд гишүүн хэвээр үлдэх магадлал нэмэгдэнэ гэж Их Британийн эрх баригчид найдаж байгаа юм. Гэхдээ Их Британи Европын холбооноос гарах нь зүйтэй гэж үзэж байгаа хүмүүс Кэмероны танилцуулсан шинэчлэлийн төсөл амалсанд нь хүрэхээр дорвитой өөрчлөлт авчрахгүй гэж шүүмжилж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Их Британи Европын холбоог шинэчлэх тухай төслөө танилцууллаа  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй