
Японы "Чиёда" корпораци тун удахгүй Ираны Засгийн газартай дэд бүтцийн чиглэлд томоохон гэрээ байгуулахаар төлөвлөж байна. "Эн-Эйч-Кей" сувгийн мэдээлснээр "Чиёда" корпораци Ираны өмнөд хэсэгт орших газрын тос боловсруулах үйлдвэрийн засварын ажлыг гүйцэтгэх талаар урьдчилсан хэлэлцээрт хүрчээ. Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдсон олон улсын дийлэнх хориг арга хэмжээ цуцлагдсанаас хойш тус улстай Японы компани дэд бүтцийн салбарын гэрээ байгуулах гэж байгаа анхны тохиолдол энэ болохыг орон нутгийн хэвлэлүүд онцолж байна.
"Чиёда" корпораци Ираны Засгийн газартай байгуулах энэ гэрээ 300 тэрбум иен, өөрөөр хэлбэл 2.5 тэрбум америк долларын өртөгтэй байх төлөвтэй байна. Холбогдох эх сурвалжуудын мэдээлснээр талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа "Чиёда" корпораци ирэх онд газрын тос боловсруулах үйлдвэрт засварын ажлаа эхлүүлэх юм байна. Ираны эсрэг хориг арга хэмжээ цуцлагдсаны дараа олон улсын томоохон компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхээр хүчтэй өрсөлдөж эхлээд байгаа юм.
80 сая хүн амтай Иран улс Ойрхи Дорнодын бүс нутаг дахь томоохон зах зээлийн нэгд зүй ёсоор тооцогддогтой энэ нь холбоотой юм байна. Ираны эсрэг Европын холбооны хориг арга хэмжээ цуцлагдсанаас хоёр хоногийн дараа Германы автомашин үйлдвэрлэгч Даймлер компани ачааны автомашины үйлдвэрээ Иранд нээх урьдчилсан хэлэлцээрт хүрсэн юм. Мөн Францын "Эйрбас" компани иргэний агаарын тээврийн 118 онгоцоо Иранд худалдаалах гэрээ байгуулаад байна. Цаашид Японы бусад компани мөн Ираны зах зээлд үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байгааг "Эн-Эйч-Кей" онцолж байна.
Ираны Засгийн газартай 2.5 тэрбум ам.долларын гэрээ байгуулна | ||
Үзсэн: 1403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.