
Их Британийн насанд хүрсэн иргэдээс аль насныхан хамгийн аз жаргалтай байдгийг тогтоохын тулд тус улсын эрдэмтэд 300 мянга гаруй хүнийг хамруулсан судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс өчигдөр хэр аз жаргалтай байсан, амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг, мөн амьдралаа үнэ цэнэтэй гэж боддог эсэхийг нь асуун, хариултыг 1-10 оноогоор үнэлүүлсэн байна. Энэхүү судалгааны үр дүнд Их Британид 65-79 насныхан амьдралдаа хамгийн сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг гэх дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Мөн энэ насны хүмүүс амьдралынхаа үнэ цэнийг мэддэг, амьдралд хайртай болох нь судалгааны явцад харагдсан байна.
Харин 80 нас гарсан хүмүүсийн хувьд сэтгэл ханамж 70-аад настнуудынхаас арай буурсан үзүүлэлттэй байна. Хамгийн сонирхолтой нь, энэ судалгаанд хамрагдагсдаас амьдралдаа хамгийн сэтгэл гонсгор явдаг хүмүүсээр Их Британийн 45-59 насны иргэд тодорсон байна. Энэ насныхан хамгийн олон асуудалд сэтгэл зовниж явдаг нь судалгаанаас мөн ажиглагджээ.
45-59 насны хүмүүст үр хүүхэд болон өндөр настай эцэг эхээ нэгэн зэрэг асран халамжлах шаардлага тулгардаг учраас бусад насныхантай харьцуулахад амьдралдаа илүү сэтгэл дундуур явдаг гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Мөн хувийн амьдрал болон албан ажлаа аль алийг нь орхигдуулахгүй, тэнцвэртэй авч явахад хүндрэл бэрхшээл тулгардаг нь энэ насныхан амьдралдаа сэтгэл гонсгор байх бас нэг шалтгаан болдог байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа юм.
Британид 45-59 насныхан амьдралдаа хамгийн сэтгэл дундуур явдаг | ||
Үзсэн: 1493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.