
НҮБ-ын зуучлал дор даваа гарагт албан ёсоор эхэлсэн Сирид энх тайван тогтоох асуудлаарх яриа хэлэлцээ түр зогсчээ. Гэхдээ энэ сарын 25-нд талуудыг дахин урьж, яриа хэлэлцээний хоёр дахь шатыг зохион байгуулна гэдгээ НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдлээ.
Эхний шатны яриа хэлэлцээ амжилтгүй өндөрлөсөнд Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний бүлэглэлүүд харилцан бие биенээ буруутгасан байр суурьтай байгаа юм. Өчигдөр Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд Алеппо хот дахь сөрөг хүчний босогчид руу хангамж хүргэдэг гол замыг хяналтандаа оруулсан талаар Сирийн төрийн мэдлийн "САНА" агентлаг мэдээллээ. Тус телевизийн мэдээгээр Асадын Засгийн газрын цэргүүд Алеппогийн баруун хойд хэсэгт орших Нубул, Захра гэх хоёр хотыг бүслэлтээс чөлөөлсөн байна. Энэ хэрэг явдал Сирийн яриа хэлэлцээг түр зогсооход хүргэсэн гол шалтгаан гэж зарим шинжээч үзэж байгаа юм.
Сирийн Засгийн газар харин Саудын Араб, Катар, Туркийн явуулгаар яриа хэлэлцээг санаатай бүтэлгүйтүүлсэн гэж сөрөг хүчний босогчдын бүлэглэлүүдээ буруутгаж байна. Нөгөөтэйгүүр Сирийн сөрөг хүчний босогчдын төлөөлөл энгийн иргэд оршин суугаа бүс нутгийг бөмбөгдөж, хот тосгодыг бүслэлтэд оруулан, өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэж байгаа Засгийн газар нь яриа хэлэлцээ бүтэлгүйтсэний гол буруутан гэж мэдэгдсэн байна.
Иймээс эдгээр асуудлыг шийдвэрлэх тухай Асадын Засгийн газарт тавьсан урьдчилсан нөхцөлүүдийг биелүүлэхээс нааш энхийн хэлэлцээнд оролцохгүй гэдгээ сөрөг хүчнийхэн анхааруулжээ. Башар Асадын цэргүүд давшилтаа амжилттай үргэлжлүүлсэн тохиолдолд энэ сарын сүүлээр яриа хэлэлцээний хоёр дахь шатыг зохион байгуулах үеэр Сири дэх нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байх магадлалтай байна.
Сирийн яриа хэлэлцээг түр зогсоолоо | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.