Шууд Chart

Япон улс пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээ нэмэгдүүлж байна

2016-02-04 12:37:16

Умард Солонгос ойрын хоногуудад хиймэл дагуул хөөргөнө гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Японы өөрийгөө хамгаалах хүчин нутаг дэвсгэрийнхээ өмнөд хэсэгт орших Окинава мужид пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем нэмж байршуулж байна. Тус улс Умардыг хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр алсын тусгалтай баллистик пуужин харвах гэж байж магадгүй гэж болгоомжилж байгаа юм.

Иймээс Японы эрх баригчид Умардыг хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө эргэн харахыг уриалж, АНУ болон бусад улстай энэ тухай дипломат шугамаар яриа хэлэлцээ өрнүүлж эхэллээ. Энэ хүрээнд Японы Гадаад хэргийн сайд болон дэд сайд өчигдөр АНУ, Хятадын Элчин сайдуудыг хүлээн авч уулзжээ. Мөн Японы өөрийгөө хамгаалах агаарын цэргийн хүчин Умард Солонгосын хиймэл дагуул тээвэрлэсэн пуужингийн нисч өнгөрөх замын дагуу ПиЭйСи-3 пуужингуудаа нэмж байршуулсан байна.

Үүнээс гадна Японы нийслэл Токио хотын зах хэсгээр пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүд нэмж байршуулаад байгаа юм. Эдгээр систем урьдчилж мэдэгдэлгүйгээр Токиог чиглэн очсон ямар ч биетийг шууд устгах үүрэг даалгавар авсан аж. Мөн Япон тэнгис болон Дорнод Хятадын тэнгист Японы өөрийгөө хамгаалах тэнгисийн цэргийн хүчний гурван хөлөг онгоцыг байршуулахаар төлөвлөж байна. Эдгээр хөлөг онгоц дэвшилтэт загварын радарынхаа хүрээнд пуужин болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн байршлыг илрүүлэх чадамжтай гэдгийг холбогдох албаныхан онцолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Япон улс пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээ нэмэгдүүлж байна  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй