Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Их Британи 2020 он гэхэд Сирид өгөх хандиваа нэмэгдүүлнэ

2016-02-04 12:50:54
Error loading player: No playable sources found

Өнөөдөр Их Британийн нийслэл Лондон хотноо Сирид хандивлагч орнуудын бага хурал эхлэх гэж байна. Тус бага хурлыг угтан Их Британийн эрх баригчид Сирийн ард иргэдэд үзүүлэх санхүүгийн тусламжаа 2020 он гэхэд 1.2 тэрбум фунт стерлингээр нэмэгдүүлнэ гэж амлажээ. Энэ удаагийн бага хуралд оролцогч орнуудаас НҮБ нийтдээ есөн тэрбум америк долларын хандив босгохоор зорьж байна.

Сирид таван жил гаруй үргэлжилж байгаа иргэний дайныг эцэслэхийн тулд НҮБ өөрийн зуучлал дор зохион байгуулсан яриа хэлэлцээ сөргөлдөгч талуудын санал зөрөлдөөнөөс үүдэн түр зогсоод байгаа. Энэ үетэй зэрэгцэн зохион байгуулагдах гэж байгаа хандивлагч орнуудын бага хурал нь Сирид нүүрлэсэн хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх зорилготой юм. Сирийн иргэний дайнд 250 мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээсээ дүрвэн дайжихаас аргагүйд хүрсэн гэх тооцоо бий. Одоогоор Сирийн зургаан сая иргэн улс дотроо, дөрвөн сая иргэн хилийн чинадад дүрвээд байна. Эдгээр иргэдэд туслахаар НҮБ-ын салбар агентлагууд 7.73 тэрбум америк долларын хандив босгохыг бага хуралд оролцогчдод уриалаад байна.

Мөн Сирийн дүрвэгчдийг хүлээн авсан хөрш зэргэлдээ орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 1.2 тэрбум америк доллар шаардлагатай гэж НҮБ үзэж байгаа юм. Европын улс орнуудын хувьд, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлснээр тус тивийг зорих дүрвэгчдийн тоо буурна гэж найдаж байна. 70 орчим улс орны төр засгийн тэргүүн нар оролцох хандивлагч орнуудын бага хурлын үеэр Сирийн дүрвэгч хүүхдүүдэд боловсрол олгох, хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байраар хангах асуудлыг голлон хэлэлцэх юм байна. Өнгөрсөн онд хандивлагч орнууд 8.4 тэрбум америк долларын тусламж үзүүлэхээр амласан ч, энэ амлалтынхаа талд нь ч хүрэхгүй хөрөнгө буюу 3.3 тэрбум америк долларыг Сирид хандивласан байна. Энэ онд дахин ийм явдал давтагдахаас сэргийлэхийг НҮБ зорьж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Их Британи 2020 он гэхэд Сирид өгөх хандиваа нэмэгдүүлнэ  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй