Шууд Chart

Унгарын багш нар Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэн жагслаа

2016-02-04 15:17:05

Унгарын 10 гаруй хотод олон мянган багш, сурагч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тэд Ерөнхий боловсролын тогтолцоог төрөөс хэт хамааралтай болгож, мөн салбарын төсвийг эрс танаснаас үүдэн багш, сурагчдын ачаалал нэмэгдэж байгааг шүүмжлэн жагсаж байгаа юм.
Өчигдөр орой Унгарын баруун хойд хэсэгт орших Мишкольц хотноо удаан үргэлжилсэн аадар бороог үл харгалзан таван мянга гаруй хүн эсэргүүцлийн жагсаалд оролцжээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөл мөн тус жагсаалд нэгдэж, Ерөнхий сайд Виктор Орбаны Засгийн газрын бодлогыг шүүмжилсэн байна. Жагсагчдын хэлснээр сурагчдын мэдэх ёстой хичээлийн агуулгыг онц шаардлагагүй даалгавруудаар дүүргэж, багш нар чанараас илүү тоон үзүүлэлтэд тулгуурлан ажиллахыг шаардаж байгаа нь сурагчдад бодит мэдлэг чадвар олгох боломжийг хомсдуулж буй юм байна. Энэ бодлого нь Унгарын ирээдүй хойч болсон хүүхдүүдийг чанартай боловсрол олж авахад саад болж, улмаар тус улсын хөгжил дэвшилд заналхийлж байна гэж жагсагчид үзэж байна.

Унгарын багш нар үүнтэй холбогдуулан 25 зүйлтэй шаардлага Засгийн газартаа хүргүүлээд байгаа юм. Энэ шаардлагад Ерөнхий боловсрол олгох хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх, сурагчдын ачааллыг хөнгөвчлөх, багш нарын хичээл заах цагийг цөөрүүлэх зэрэг заалт багтжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Унгарын багш нар Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэн жагслаа  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй