
Хятадын Шанхай хотын нэгэн зоогийн газар робот ажилд авчээ. Рамен гоймонг чанадаг энэхүү роботыг үзэж сонирхохоор олон арван зочид тус зоогийн газарт цуглах болж, ашиг орлого нь ч эрс нэмэгджээ. Зоогийн газрын эзэн энэхүү роботыг рамен гоймонгийн эх нутаг Японоос худалдан авсан байна. Роботын гоймон бэлтгэх хоёр гар Коёа болон Кона нэртэй, нийлээд 150 мянган америк долларын үнэтэй юм.
Роботын нэг гар гоймон чанах үүрэгтэй бол нөгөө нь шөл хийдэг байна. Роботын хоёр гар хамтдаа нэг аяга рамён гоймонг ердөө 1 минут 30 секундын дотор бэлэн болгодог юм байна. Энэ роботыг үйлчилгээндээ ашиглах болсон зоогийн газрын эзэн Японд 30 жил амьдарсныхаа дараа эх орондоо эргэн иржээ. Тэрээр технологийн дэвшлийг олон нийтэд таниулах зорилгоор зоогийн газартаа робот ажилтан худалдан авсан байна.
Энэ санаа нь ч олон хүний анхаарлыг татаж, тус зоогийн газарт хүний хөл тасардаггүй болсон байна. Хятадад үйлчилгээний болон бусад салбарт ашиглах роботын тоо сүүлийн жилүүдэд эрс олширсныг шинжээчид онцолж байна. 2007 онд Хятадад ердөө таван мянган робот худалдаалагдаж байсан бол 2014 онд энэ тоо 229 мянга болж, эрс өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Робот ажилтантай зоогийн газрын ашиг орлого эрс нэмэгджээ | ||
Үзсэн: 2075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.