
Туркийн Засгийн газар Сирид цэрэг оруулахаар бэлтгэж байж болзошгүй гэж ОХУ-ын эрх баригчид үзэж байна. Энэ нь Оросын агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр Сирийн Засгийн газрын цэрэг босогчдын хяналтад байгаа Алеппо хотыг бүслэлтэд оруулах гэж байгаа тухай албан эх сурвалж мэдэгдсэнтэй холбоотой гэж Кремль сэрдэж байна.
Харин Турк улс Оросыг энэ мэдэгдлээрээ Сирийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргээ далдлахаар оролдож байна гэж буруутгаад, Алеппо хот Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын цэргүүдийн бүслэлтэд орвол хотын иргэд өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэнэ гэж анхаарууллаа. Сирийн Засгийн газрын цэрэг Алеппо хотыг бүслэх гэж байгаатай холбоотойгоор тус хотын 70 мянга гаруй иргэн орон гэрээсээ дүрвэж Туркийн хил рүү дөхөн очиж байгаа талаар тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна.
Мөн үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд Турк улс шаардлагатай гэж үзсэн бүх арга алхмыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэж тус улсын эрх баригчид үзэж байна. НҮБ өнгөрсөн лхагва гарагт Сирид энх тайван тогтоох тухай сөргөлдөгч талуудыг оролцуулсан яриа хэлэлцээ түр зогссоныг зарласан. Гэхдээ тус яриа хэлэлцээ НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистурагийн хэлсэнчлэн энэ сарын сүүлээр дахин эхэлнэ гэж найдаж байгаагаа Москва, Вашингтоны эрх баригчид илэрхийлээд байгаа юм.
Энэ үеэр Сирийн иргэний дайнаас улбаатай хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх зорилготой хандивлагч орнуудын бага хурал Их Британийн нийслэл Лондон хотноо өчигдөр зохион байгуулагдлаа. Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны хэлснээр энэ бага хуралд оролцогчид Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-ын шаардлагатай гэж үзсэн 9 тэрбум америк доллараас 2 тэрбумаар илүү, өөрөөр хэлбэл, 11 тэрбум америк долларын хөрөнгө хамтран босгоно гэдгээ амлажээ.
ОХУ: Турк Сирид цэргээ оруулахаар бэлтгэж байж магадгүй... | ||
Үзсэн: 1450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.