Шууд Chart

Ассанжийн өргөдлийг НҮБ-ын ажлын хэсэг өнөөдөр шийдвэрлэнэ

2016-02-05 11:06:48

Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд гурван жил гаруйн хугацаанд орогнож байгаа Викиликс сайтыг үндэслэгч, Австралийн иргэн Жулиан Ассанжийн гаргасан гомдлыг НҮБ-ын ажлын хэсэг хүлээн авахаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ. Түүнийг Эквадорын Элчин сайдын яамнаас гарсан тохиолдолд Британийн цагдаа нар баривчлахаар бэлэн байдалд байгаа.

Энэ нь Эквадорт улс төрийн орогнол хүсэх эрхээ эдлэх боломжийг нь боогдуулж, олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэж Ассанж 2014 онд НҮБ-ын холбогдох ажлын хэсэгт гомдол гаргасан юм. Дур мэдэн баривчлах асуудлаарх НҮБ-ын ажлын хэсэг энэ гомдлыг хэлэлцэж үзээд, Ассанжийн талд шийдвэр гаргахаар болсон гэж Шведийн тал мэдээлж байна. Өнөөдөр тус ажлын хэсэг энэ талаар шийдвэрээ албан ёсоор танилцуулах ёстой юм.

Гэхдээ өргөдөлд хүссэний дагуу Британийн цагдаа нар Эквадорын Элчин сайдын яамыг хамгаалалтад авсан нь хууль бус үйлдэл гэж НҮБ шийдвэрлэхгүй байлаа ч Ассанж Эквадорын Элчин сайдын яамыг орхин гарах бодолтой байгаагаа твиттер хуудсаараа зарласан байна. Харин түүний талд шийдвэр гарсан тохиолдолд Их Британийн цагдаа нараас паспортыг нь эргүүлэн өгөх, дахин баривчлах оролдлого хийхгүй байхыг Ассанж шаардаж байна.

Эргэн сануулахад, Жулиан Ассанжийг 2010 онд Шведэд хүчингийн хэрэг үйлдсэнд буруутган, баривчилж Шведийн талд шилжүүлэхээр Британийн цагдаа нар ажиллаж байгаа юм. Харин Ассанж энэ хэргийг үйлдээгүй гэдгээ мэдэгдэн, АНУ-ын төрийн байгууллагууд, тэр дундаа Пентагон, Төрийн департаментын нууц мэдээллийг Викиликс сайтаараа дэлгэсэнтэй нь холбогдуулан АНУ-ын холбоотон Британи, Швед зэрэг улс зохиомол хэргээр шалтаглаж, түүнийг Америкт шилжүүлэн өгөх гэж байна гэх тайлбар өгч байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ассанжийн өргөдлийг НҮБ-ын ажлын хэсэг өнөөдөр шийдвэрлэнэ  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй