
Европ тивд жирэмсэн эмэгтэй Зика вирусын халдвар авсан анхны тохиолдол Испани улсад бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Зика вирусын халдвартай нь тогтоогдсон жирэмсэн эмэгтэй саяхан Колумб улс руу зорчсон байна. Шумуулаар дамждаг энэхүү вирусын халдвар эхийн хэвлийд байгаа ургийн тархины хөгжлийг саатуулж, жижиг толгойтой, улмаар оюуны хомсдолтой болгодог байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага саяхан олон улсын хэмжээнд Зика вирусын эсрэг онц байдал зарлаад байна.
Өнгөрсөн аравдугаар сараас хойш зөвхөн Бразил улсад л гэхэд зика вирусын халдвартай эхчүүдээс төрсөн 4 мянга орчим хүүхэд микроцефали гэж нэрлэгдэх эмгэгтэй байна. Харин Зика вирусыг тээгч шумуул амьдардаггүй Европын бүс нутагт энэ вирусаар жирэмсэн эмэгтэй өвчилсөн тохиолдол өнөөг хүртэл илрээгүй байсан юм. Энэ явдалтай зэрэгцэн Бразилд хоёр хүн цус сэлбүүлэх үеэрээ Зика вирусын халдвар авсан болохыг эмч нар тогтоолоо.
Тус улсын эрдэмтэд Зика вирус хүний биеийн шингэнд амьдардаг болохыг илрүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Зика вирусын халдвар тархсан бүс нутагт зорчсон донороос цус авахгүй байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр зөвлөмж болгосон байна. Бразил улс маргааш олон мянган цэрэг, төрийн албан хаагчдыг дайчлан, айл өрх, албан байгууллагуудад шумуулын эсрэг устгал явуулах гэж байна. Мөн энэ үеэр Өмнөд Америкийн 14 орны Эрүүл мэндийн сайд нар уулзан, Зика вирусын халдвартай хэрхэн тэмцэх талаар хэлэлцэж байгаа юм.
Европ тивд жирэмсэн эмэгтэй Зика вирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.