Шууд Chart

"Муу нүүрт" хэмээх Гал бичин жилийн цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах нь...

2016-02-08 17:13:34

17-р жарны Ялгуусан хэмээх Гал бичин жилийн ерөнхий өнгө

Жилийн эзэн од Харцагын үр:  зарим нутагт тариа төмс сайн ба зарим нутагт үр үл боловсормуй.

Эзэн гараг Сугарын үр нь: Сугар гараг ургавал өвчин эмгэггүй, хаан язгуур дэлгэрнэ. Хорлол дарагдан, жуулчилбал өлзийтэй болно. Худалдаа, арилжаа хийвэл эд, эрдэнэ дэлгэрмүй. Биед өвчингүй амгалан, жаргалантай болно.

Хаан гараг Ангаргын үр нь: Ангараг ургавал галын хүч арвижих ба хүмүүн нүгүүд хоосромуй. Хулгайч нар үлэмж арвижюу.Зарим газар оронд хур үлэмж тасрана. Заримд нь ган бээр энэлгэн үйлднэ.Үр нүгүүд арвижихын шалтгаан доройтно.Үр арвижихын шалтгаан доройтно. Шар өвчин арвижин, хэрүүл тэмцэл дэлгэрнэ. Хаан улс орноо анхаарахаас огоорно.

Түшмэл гараг Сугар нь эзэн гараг лугаа адил үр, хаялгатай болно.

Шороон үхэр нь: Амаа ангайн, сүүлээ зүүн тийш шарвасан, толгой нь улаан; омруу нь шар, ходоод нь улаан, эвэр, сүүл, чих нь улаан; дөрвөн шийр нь шар, цагаан биетэй үхэр. 

Үхэр хариулаач нь шар нүүртэй, ногоон дээлтэй, цагаан бүстэй, хоёр гутлаа барьсан, үсээ овоолон боосон, унгасан шилбүүртэй хүүхэд үхрийнхээ өмнө яаран гүйж явах юм.

Үхрийн зүсэнд улаан өнгө их бол гантай бөгөөд догшин мөндөр буун, халуун өвчин гарна. Толгой нь улаан тул их хүмүүний балгадад муу. Хавар болон улирлуудын эхээр хургүй. Эвэр, сүүл, чих нь улаан тул гантай. Омруу шар бол хаврын адаг, зуны эхээр ногоо сайтай. Биеийн зүс цагаан тул жилийн дундуур мөндөртэй. Дөрвөн шийр нь шар тул жилийн сүүлээр өвстэй байна. Үхэр хариулаач хүүхэд тул нялхас буюу ард иргэдэд амгалантай, өвгөд буюу өндөр суудалтнаа ширүүн, залуус буюу дунд зэрэг дэвийнхэнд маш ширүүн болой. Унгасан шилбүүртэй тул ард зон амгалантай, хаад түшмэд өөр зуураа хямралдна. Үсээ овоолон боосон тул ард олноо дээд амгалантай. 

Энэ жилийн хувьд наран Загас, Хонь, Хамтатгах, Жинлүүр, Хумхын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Үхэр, Мэлхий, Арслан, Охин, Хилэнц, Нум ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай.


Бичин жилийн цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс

Гал хөлөлд суусан:

  • 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920, 1912, 1904 оны эрчүүд,
  • 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924, 1916,1908, 1900 оны эмэгтэйчүүд зүүн урагш гарч, урдаас ирнэ. 

Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (шүдэнз зурах), тарнийг усанд урьж зүүн хойш, баруун зүгт цацна. 

Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.


Шороо хөлөлд суусан:

  • 2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927, 1919, 1911, 1903 оны  эрчүүд,
  • 2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925, 1917, 1909, 1901 оны эмэгтэйчүүд цог хийморийн зүгт “огторгуйн хар нохойн ам”таарч буй тул баруун хойшоо гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. 

Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна. 

Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.


Төмөр хөлөлд суусан:

  • 2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926, 1918, 1910, 1902 оны эрчүүд, мөн оны эмэгтэйчүүд баруун урагш гарч, баруунаас ирнэ. 

Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт, урд зүг рүү цацна. 

Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.


Огторгуй хөлөлд суусан: 

  • 2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925, 1917, 1909, 1901, оны эрчүүд,
  • 2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927, 1919, 1911, 1903 оны эмэгтэйчүүд зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ.

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна. 

Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа.


 Ус хөлөлд суусан:

  • 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924, 1916, 1908, 1900 оны эрчүүд,
  • 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920, 1912, 1904 оны эмэгтэйчүүд зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ.

Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна. 

Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.


Уул хөлөлд суусан:

  • 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923, 1915, 1907, 1899 оны эрчүүд,
  • 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929, 1921, 1913, 1905, 1897 оны эмэгтэйчүүд баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. 

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна. 

Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.


Мод хөлөлд суусан:

  • 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962, 1954, 1946, 1938, 1930, 1922, 1914, 1906, 1898 оны эрчүүд, мөн оны эмэгтэйчүүд хойшоо гарч,  зүүн зүгээс ирнэ. 

Засал: Модноос  гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урагш, баруун хойт зүг рүү цацна.

Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.


Хий хөлөлд суусан:

  • 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929, 1921, 1913, 1905, 1897оны  эрчүүд,
  • 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923, 1915, 1907, 1899 оны эмэгтэйчүүд урагш гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ. 

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна. 

Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.


Мөрөө гаргахдаа “Ялж Төгс Нөгчсөн Түүнчлэн Ажирсан Дайныг Дарсан Үнэхээр Туулсан Бурхан өдрийн  тоо, гүйгч од, өнийн хаанаа мөргөмүй. Ум агаа. ни ни. га ни. а жи лаа. ман даа лээ. ман даа лээ. ма ей суухаа. Өдөр болгон буян болой. Гүйгч одон бүгд сайн болой. Дайныг Дарсан бүгд цувралаас хагацсан. Бурхан бүгд рид хувилгаан ихтэй. Үнэн хийгээд үнэн үг эдгээр бээр гариг, одон, өдрийн муу гэм бүгд амирлах болтугай. Санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай” хэмээн өгүүлвээс “Гариг, од, өдрийн муу гэм бүгд амирлах болой“ хэмээн номлосон болой.

Учир иймд цагаан сарын шинийн нэгэнд жил, сар, өдөр, цаг хийгээд бусад жил орох, мэнгэ голлох, суудал давхарлах тэргүүтэн махбодын харш нөлөөнд орохгүй хэмээн сэтгэж, дээрхи номыг уншин, бясалгаваас ач тус, адис жинлав нь сэтгэшгүй хэмээн өмнийн мэргэд чухалчлан айлдсан болой.
 

МУ-ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн,
Монголын Үндэсний ШУА-ийн академич,
шинжлэх ухааны доктор (ScD),  профессор, зурхайч
Урианхай Лхасрангийн Тэрбиш


"Муу нүүрт" хэмээх Гал бичин жилийн цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах нь...  
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй