
Өнгөрсөн бямба гарагт Тайваньд 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас арлын өмнөд хэсэгт орших Тайнань хотод орон сууцны хэд хэдэн барилга нурсан. Барилгын нурангид дарагдан амь насаа алдсан хүний тоо 34 хүрснийг өчигдөр холбогдох албаныхан мэдээлсэн байна.
Нурсан барилгуудаас Вэйгуан Жинлон гэх 17 давхар орон сууцны барилгын нурангид хамгийн олон хүн дарагдаж, амь үрэгдсэн байна. Тус барилгад 260 орчим хүн амьдардаг байсан гэх албан мэдээ байгаа юм. Гэхдээ оршин суугчдын бүртгэлд хамрагдаагүй өрөө хөлсөлдөг оюутнууд, мөн цагаан сарын баяраар төрөл төрөгсдийндөө зочилсон хүмүүс нэмэгдэн, газар хөдлөлтийн үеэр 300 гаруй хүн барилгад байсан гэж холбогдох албаныхан тооцоолж байна. Эдгээрээс 26 нь амь үрэгдсэн, 121 хүн амьд эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.
Эрлийн ажиллагаанд гал сөнөөгчид, цагдаа нараас гадна олон зуун цэрэг дайчилж, өндөр технологи, үнэрч нохой болон краны тусламжтайгаар нурангид дарагдсан хүмүүсийг хайх ажлыг үргэлжлүүлж байна. Хоёр сая гаруй хүнтэй Тайнань хотын 9 өөр хэсэгт бас барилга байшингууд нурж, 5 барилга хазайн, нурах өндөр эрсдэлд орсон байна. Аврах багийнхан барилгуудын нурангиас нийтдээ 310 хүнийг эсэн мэнд олж, хүнд бэртэл авсан 100 орчим хүнийг ойролцоох эмнэлгүүдэд хүргээд байна. Тайванийн өмнөд хэсэгт болсон энэхүү газар хөдлөлтийн голомт газрын гадаргатай ойр байсан.
Иймээс 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт хотод багагүй хохирол учруулсныг мэргэжилтнүүд онцолж байна. Тайванийн арал 2 тектоник хавтангийн заагт оршдог учраас газар хөдлөлтийн гамшиг тохиох эрсдэл өндөртэй бүсэд тооцогддог юм. Өнөөдөр Тайванийн Ерөнхийлөгч Ма Инцю гамшигт өртсөн Тайнань хотод очиж, нөхцөл байдалтай биеэр танилцах юм байна. Мөн өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Цай Инвэнь өнөөдөр тус бүс нутагт очихоор төлөвлөж байгаа юм.
Тайванийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 34-т хүрлээ | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.