Шууд Chart

Хятадын төв телевизийн баярын тоглолтыг 700 сая гаруй хүн үзжээ

2016-02-11 11:10:08

Цагаан сарыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай орнуудын нэг Хятад улс нэгэн манайхаас нэг хоногийн өмнө буюу даваа гарагт Мичин жилээ угтан авсан. Жил бүр Хятадын 700 сая иргэн Хятадын төв телевизийн цагаан сарын баярын хөтөлбөрийг үзэхээр сувгаа тааруулдаг гэсэн тооцоо байдаг. Энэ онд тус телевизийн гала тоглолт инновацийг дэмжсэн, орчин үеийн, өндөр хөгжилтэй орон болох Хятадын эрх баригчдын зорилгыг тод томруун харуулж, роботуудын бүжиг, цэргийн сүрт үзүүлбэрүүд зэрэг нь олон улсын анхаарлыг ихэд татлаа.

Үүнээс гадна 1945 оны Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн есдүгээр сард Бээжин хотноо зохион байгуулсан цэргийн сүрт жагсаалын цомхон хувилбарыг энэ цагаан сарын гала тоглолтод олон нийтэд үзүүлж сонирхуулжээ. 2013 онд Канадын нэрт дуучин Селинь Дион, харин удаах онд нь Хятадын алдарт хамтлаг Тариаланч хөдөлмөрчид Хятадын төв телевизийн баярын тоглолтын тайзыг дуу хуураараа чимж байсан. Харин өнгөрсөн онд Хятадын эрх баригчид авлига, хээл хахуулийн эсрэг аян зарласныг тодотгон, тус улсын хошин шогийн жүжигчид авлигач түшмэдийг элэглэсэн хошин үзүүлбэрээ толилуулсан юм.

Харин энэ оны цагаан сараар Хятадын төв телевизийн гала тоглолтод уран бүтээлчид “Үзэсгэлэнт Хятад минь”, “Коммунист намгүйгээр шинэ Хятад үгүй байх байсан” зэрэг дууг олны хүртээлд толилуулсан байна. Мичин жилийг угтсан тус телевизийн гала тоглолт дуу, бүжиг, хошин шог, илбэ болон бусад төрлийн 39 багц үзүүлбэртэйгээр 4 цаг 40 минут үргэлжилсэн юм.

Энэ тоглолтыг эх нутагтаа төдийгүй хилийн чанадад амьдарч байгаа Хятадын олон иргэн үзэж сонирхсон байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хятадын төв телевизийн гала тоглолт хэт их үзэл сурталжсан гэх шүүмжлэл энэ онд ч мөн гарсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Үүнтэй холбоотойгоор тус гала тоглолтыг залуучууд үзэх нь эрс багассан, эдгээр үзэгчдээ эргүүлэн өөртөө татах гэсэн Хятадын төв телевизийн бодлого амжилтад хүрэхгүй байна хэмээн зарим ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятадын төв телевизийн баярын тоглолтыг 700 сая гаруй хүн үзжээ   
Үзсэн: 2128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй