
Цагаан сарын баяраа гэр бүл, төрөл төрөгсөдтэйгөө угтахаар Өмнөд Солонгосын 36 сая иргэн төрөлх нутгаа зорин аян замд гарсан байна. Тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны энэ тооцоогоор Өмнөд Солонгосын нийт хүн амын 70 орчим хувь нь шилжилт хөдөлгөөнд орсон гэсэн үг юм байна. Солонгосчууд билгийн тооллоор энэ даваа гарагт шинийн нэгнээ угтан авсан юм.
Тус улсын үндэсний хамгийн чухал баярт тооцогддог Цагаан сарыг битүүн болон шинийн нэгэн, хоёрон гэх гурав хоногт Өмнөд Солонгосчууд голлон тэмдэглэдэг уламжлалтай. Үндэсний хувцас “ханбуг”-аараа гоёсон солонгосчууд шинийн нэгний өдөр өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх “чаре” ёслолыг гүйцэтгэн, нас нөгчсөн төрөл төрөгсдийнхөө дурсгалд зориулан ширээ засдаг.
Мөн олуулаа цуглан өглөөний цайгаа ууж, өндөр настнууддаа аз жаргалтай, эрүүл энх шинэ оныг хүсэн ерөөж, залуус нь бөхийн ёсолж хүндэтгэл үзүүлсэн байна. Солонгосчуудын соёл уламжлалд нэгэн үе нэвт шингэсэн байсан күнзийн соёлын нөлөө эдүгээ буурч байгаатай холбоотойгоор цагаан сарыг тэмдэглэх ёсон ч сүүлийн жилүүдэд аажмаар өөрчлөгдөх болсон гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм.
Тус улсын олон иргэд цагаан сарын баярыг тэмдэглэлт өдөр гэдгээс гадна завгүй ажлаасаа амсхийх боломж гэдэг утгаар нь харах болжээ. Үүнтэй холбоотойгоор цагаан сарын амралтаараа гадаад улс орон руу аялах Өмнөд Солонгосчуудын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм. Энэ онд л гэхэд Өмнөд Солонгосын 600 мянга гаруй иргэн цагаан сарын баяраа гадаад улс оронд аялан, тэмдэглэж байна. Тус улсад цагаан сарын баярын амралт өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн.
Инчоны нисэх буудлын гаргасан тооцоогоор энэ оны цагаан сараар Өмнөд Солонгос руу ирж, очих нислэгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр солонгосчуудын дийлэнх нь Хойд Америк, Хавай руу аялж байгаа ажээ.
Цагаан сараар хилийн чанадад аялах Өмнөд Солонгосчуудын тоо өсчээ | ||
Үзсэн: 1585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.