
Нисгэгчгүй төхөөрөмж дроныг олон салбарт төрөл бүрийн зориулалтаар ашиглах болсон тухай бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл саяхан Израйлийн компани ачаа бараа болон хүн тээвэрлэх хүчин чадалтай аварга том дрон зохион бүтээснээ танилцуулсан байна.
Нисгэгчгүй төхөөрөмж дроны энэхүү томруулсан хувилбарыг дайн тулаантай бүс нутагт болон бусад төрлийн тээврийн хэрэгсэл хүрч очих боломжгүй бартаа саадтай, өндөрлөг газарт хүн болон ачаа бараа хүргэхэд ашиглахаар зорьж байна.
"Агаарын луус" буюу Эйрмюл нэртэй энэ дроныг алсаас удирдахаас гадна нисгэгч жолоодох боломжтойгоор бүтээжээ. Урбан Аэронотикс гэх Израйлийн компанийн бүтээсэн нэг тонн жинтэй, хагас тонн ачаа даах хүчин чадалтай тус дроныг цэрэг батлан хамгаалахын зориулалтаар мөн ашиглах боломжтой юм байна.
"Агаарын луус" ачаатайгаар нэг цаг, харин ачаагүй тохиолдолд дөрвөн цаг тасралтгүй нисэх хүчин чадалтай, мөн нэг цагт 100 км хүртэл хурдлах боломжтойг зохион бүтээгчид онцолж байна. Эйрмюл дрон ямар ч гадарга дээр газардах, мөн бартаатай бүс нутагт газартай маш ойр нисэх зэрэг чадвараараа бусад нисдэг төхөөрөмжөөс давуу юм.
Мөн тус дронд суурилуулсан робот гарыг ашиглан цөмийн цахилгаан станцын радио идэвхт бодис алдагдаж байгаа цэгийг засварлаж болох юм байна. Нисгэгчтэйгээр болон алсын удирдлагатайгаар ашиглах боломжтой энэхүү дрон эгц дээшээ нисэх, эгц дээрээс газардах, барилга, гүүртэй ойр нисэх зэргээр ямар ч нөхцөлд ашиглагдах бүрэн боломжтой. Олон дэвшлийг өөртөө агуулсан “Агаарын луус” гэх аварга дроноор бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг аюулын бүс нутагт хүргэхээс гадна гэмтэж шархадсан хүмүүсийг тээвэрлэж болно. Энэ давуу талыг нь ашиглан дайн тулааны бүс нутгаас шархадсан цэргүүдийг зөөвөрлөхөөр төлөвлөж байна. Цэрэг батлан хамгаалахын зориулалтаар ашиглах Эйрмюл дронд пуужингаас хамгаалах хуяг нэмж суурилуулна гэдгээ зохион бүтээгчид хэлж байна. Энэ дроныг 200 гаруй удаа нисгэж туршсан, 2020 он гэхэд зах зээлд худалдаалж эхлэхээр төлөвлөж байна.
Израйльд “Агаарын луус” нэртэй аварга дрон зохион бүтээжээ | ||
Үзсэн: 2857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.