Шууд Chart

Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын эрчим хүч, усан хангамжийг таслажээ

2016-02-12 14:54:46

Өчигдөр Умард Солонгосын эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрт орших Кэсон аж үйлдвэрийн цогцолбороос Өмнөд Солонгосын ажилчдыг хөөн гаргаж, тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хөрөнгийг царцаасан байна. Үүний хариуд Өмнөд Солонгос Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын эрчим хүч, усан хангамжийг таслажээ.

Кэсоны аж үйлдвэрийн цогцолбор хоёр Солонгосын хамтын ажиллагааны гол бэлгэ тэмдэг болон 10 жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Харин өнгөрсөн ням гарагт Умард Солонгос пуужин хөөргөсөнтэй холбогдуулан Өмнөд Солонгос тус улсын эсрэг хориг арга хэмжээнийхээ хүрээнд Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг түр зогсоох болно гэдгээ лхагва гарагт зарласан байна. Энэ үйлдлийг “дайн зарласан хэрэг” гэж үзэж байгаагаа Умардын эрх баригчид илэрхийлж, улмаар өчигдөр Кэсоны аж үйлдвэрийн цогцолборт байсан Өмнөд Солонгосын 280 ажилчинг хөөн гаргасан талаар Өмнөд Солонгосын Эв нэгдлийн яам мэдээллээ. Орон нутгийн цагаар 23 цаг 5 минутын орчимд Өмнөдийн ажилчид Кэсоны аж үйлдвэрийн цогцолбороос гарсан байна. Харин үүнээс удалгүй буюу шөнө дунд болоход хэдхэн минут дутуу байхад Өмнөд Солонгос Кэсоны аж үйлдвэрийн цогцолбор руу нийлүүлдэг цэвэр ус, эрчим хүчний хангамжаа таслажээ. Кэсоны аж үйлдвэрийн цогцолборт нийт 124 жижиг, дунд үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрт Умард Солонгосын 55 мянган ажилчин ажилладаг юм. Хоёр Солонгосын харилцаа үе, үе хурцдаж ирснийг үл харгалзан Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаа өмнө нь 2013 онд Умард Солонгос 3 дахь удаагаа цөмийн бөмбөг туршсанаас үүдэлтэйгээр ердөө ганц удаа зогсож байжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын эрчим хүч, усан хангамжийг таслажээ   
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй