Шууд Chart

Леонардо Да Винчигийн механикийн зураг төслөөр үзэсгэлэн гаргажээ

2016-02-12 15:01:28

Италийн алдарт зураач, эрдэмтэн, зохион бүтээгч Леонардо да Винчиг Мона Лиза гэх алдарт хөрөг зургаар нь дэлхий дахинаа сайн мэднэ. Харин түүний бүтээсэн олонд төдийлөн танигдаагүй механикийн зураг төслүүдээр Лондоны шинжлэх ухааны музей үзэсгэлэн гаргажээ. Леонардо да Винчи өөрийн сэдсэн төрөл бүрийн тоног төхөөрөмж, шүхэр, нисдэг механизмын зургуудыг цаасан дээр 3 хэмжээстээр, гайхмаар бодитой буулгасныг тус үзэсгэлэнгээс харах боломжтой юм байна. Энэ оны хамгийн алдартай үзэсгэлэнгийн нэг хэмээн шинжээчид зүй ёсоор нэрлэж байгаа тус үзэсгэлэнд Леонардо да Винчигийн зохион бүтээсэн багаж хэрэгслийн 39 зураг төслийг дэлгэсэн байна.

Мөн Леонардо да Винчигийн 500 насны ойг тохиолдуулан 1952 онд түүний зураг төслүүдийг 3 хэмжээстээр дахин урласан байдаг. Эдгээр бүтээлийг Леонардогийн эх зурагтай хамтатган олон нийтэд толилуулж байгаа юм. Леонардо да Винчигийн дахин давтагдашгүй өвөрмөц санааг буулгасан зарим зураг төслийг бодит амьдрал дээр бүтээн босгоход багагүй саад бэрхшээл тулгарсан гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байна.

Тухайлбал, Милан, Парисын шинжлэх ухаан, технологийн 2 их сургуулийн хамтарсан баг энэ үзэсгэлэнд оролцож байгаа эргүүлэгтэй краныг бүтээн босгоход бүтэн өдөр зарцуулжээ. Да Винчигийн зарим зураг төсөл маш хийсвэр шинжтэй байгаагаас үзвэл бодитоор бүтээн босгоход зориулагдаагүй гэж шинжээчид дүгнэдэг байна. Мөн түүний зарим зураг тухайн үеийн бусад инженер, зохион бүтээгчдийн бүтээлээс санаа авсан тал ажиглагддаг юм байна. 

Дашрамд дурьдахад, Леонардо салхины хүч ашиглан явдаг тэрэгний зураг төслөө Италийн инженер, зохиолч Роберто Валтуриогийн бүтээлээс санаа авч, зуржээ. Хамгийн төгс зохион бүтээгч бол байгаль өөрөө гэж үздэг байсан суут Леонардо да Винчигийн механикийн зураг төслүүдийг энэ сараас ирэх 9-р сарын 4 хүртэл Лондоны шинжлэх ухааны музейн “Да Винчи- Суут ухаантны механик бүтээлүүд” гэх үзэсгэлэнгээс үзэж сонирхох боломжтой юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Леонардо Да Винчигийн механикийн зураг төслөөр үзэсгэлэн гаргажээ  
Үзсэн: 1911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-02-12 16:17
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй