Шууд Chart

АНУ-ын дээд шүүхийн шүүгчийг сонгох асуудал маргаан дагуулж эхэллээ

2016-02-15 11:58:56

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Антонин Скалиа таалал төгссөний дараа түүний орыг залгах шүүгчийг томилох тухай асуудал маргааны халуун сэдэв боллоо. Ерөнхийлөгч Барак Обама шинэ шүүгчид томилох хүнийг нэр дэвшүүлнэ гэдгээ зарлаад байна. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөж байгаа Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид Дээд шүүхийн шинэ шүүгчийг сонгуулийн дараа томилох нь зүйтэй гэх байр сууриа илэрхийлжээ.

Шүүгч Скалиаг таалал төгсөхөөс өмнө АНУ-ын Дээд шүүхийн 9 гишүүний 5 нь Бүгд найрамдах намын ерөнхийлөгчдийн сонгосон консерватив үзэлтнүүд байсан юм. Улмаар Дээд шүүх дэх олонхийн байр сууриа ашиглан консервативууд уур амьсгалын өөрчлөлт, цагаачлалын асуудлаарх Обамагийн засаг захиргааны хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг зогсоож байжээ.

Харин түүнийг таалал төгссөний дараа Дээд шүүхийн бүрэлдэхүүн дэх либерал болон консерватив үзэлтэй гишүүдийн тоо 4, 4 болж тэнцсэн байна. Антонин Скалиагийн халааг авах шүүгчид хэнийг нэр дэвшүүлэхээ Барак Обама энэ сарын 22-нд Сенатын чуулган эхлэх үеэр танилцуулах ёстой юм. Харин Сенатад олонхийн суудалтай Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Обамагийн санал болгосон нэр дэвшигчийг батлах ажлыг 2017 оны нэгдүгээр сарын сүүлээр шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл чадах чинээгээрээ хойшлуулахаар чармайх болов уу гэж ажиглагчид үзэж байна.

Өмнө нь Сенат дээд шүүхийн нэр дэвшигчийг батлах ажлыг хамгийн ихдээ 125 хоног хойшлуулж байсан юм. Эргэн сануулахад, Антонин Скалиаг Бүгд найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч Рональд Рейган 1986 онд дээд шүүхийн шүүгчээр томилсон байдаг. 1936 онд төрсөн тэрээр АНУ-ын Дээд шүүхэд хүчин зүтгэсэн анхны итали гаралтай Америкийн иргэн болж түүхэнд үлдсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын дээд шүүхийн шүүгчийг сонгох асуудал маргаан дагуулж эхэллээ  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй