
Сирийн хойд хэсэгт Курдын зэвсэгт хүчний эсрэг агаараас цохилт өгөхөө зогсоохыг Францын Гадаад хэргийн яам Туркийн эрх баригчдад уриаллаа. Сирийн хамгийн том хот болох Алеппо болон түүний ойролцоох бүс нутагт нөхцөл байдал улам бүр дордож байгаад гүнээ сэтгэл зовниж байна гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна. Турк улсад үйл ажиллагаа явуулдаг Курдистаны хөдөлмөрчдийн намыг тус улсын эрх баригчид алан хядагч байгууллага хэмээн тооцдог.
Иймээс Сири дэх Курдын зэвсэгт хүчнийхэн Курдистаны хөдөлмөрчдийн намтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг гэж Туркийн эрх баригчид мэдэгдэн, улмаар тэднийг хяналтандаа авсан Сирийн хойд бүс нутгийг эргүүлэн чөлөөлөх шаардлага тавьсан байна. Харин энэ шаардлагыг хүлээн авбал "Исламын улс" алан хядагч бүлэглэлийнхэн тус бүс нутагт эргүүлэн хяналтаа тогтооно гэж үзэн, Сири дэх Курдын босогчид Туркийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ. Үүний хариуд өнгөрсөн бямба гарагаас эхлэн Туркийн нисэх онгоцууд Сирийн хойд хэсэгт агаараас цохилт өгч эхлээд байна.
Францын Гадаад хэргийн яамнаас сая гаргасан мэдэгдэлд Сири дэх агаарын цэргийн ажиллагааны гол зорилго нь "Исламын улс" алан хядагч бүлэглэлийг дарах болон өнгөрсөн баасан гарагт Германы Мюнхен хотод томоохон гүрнүүдийн гаргасан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэх ёстой гэсэн байна. Туркийн арми Курдын босогчдын байршлуудыг бөмбөгдөж, ОХУ-ын агаарын цэргийн хүчин мөн Сирийн босогчдын байршлуудад үргэлжлүүлэн цохилт өгөхөө мэдэгдээд байгаа нь Мюнхений уулзалтаас гарсан төлөвлөгөө хэрэгжих боломжтой эсэх талаар эргэлзээг улам бүр нэмэгдүүлж байна.
Курдын босогчдын эсрэг агаараас цохилт өгөхөө зогсоохыг уриалав | ||
Үзсэн: 1044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.