Шууд Chart

2015 онд Афганистаны хямралаас үүдэн 3500 гаруй энгийн иргэн амь үрэгджээ

2016-02-15 12:12:11

Афганистаны хямралд амиа алдсан энгийн иргэдийн тоо 7 дахь жилдээ дараалан өссөн талаар НҮБ-ын тайланд мэдээллээ. Олон улс Афганистанаас цэргээ татаж байгаатай холбоотойгоор тус улсад халдлага, хүчирхийлэл гаарсан байна.

Өнгөрсөн онд Афганистаны хямралаас үүдэн 3500 гаруй энгийн иргэний амь нас хохирч, 7500 орчим иргэн гэмтэж шархадсан байна. Дайн байлдаанд хохирсон энгийн иргэдийн талаар НҮБ-аас жил тутам гаргадаг тайланд мэдээлснээс үзвэл дээрх тоо нь 2014 оны үзүүлэлтээс 4 хувиар өссөн дүнтэй байна.

Афганистаны Засгийн газрын цэргүүд болон зэвсэгт босогчдын хоорондох тулалдаанд энгийн иргэд өртөж, хохирох нь нэмэгдэж байгааг шинжээчид онцолж байна. Тэр дундаа өнгөрсөн 9-р сард Талибаны хяналтад түр орсон Кундуз хотыг чөлөөлөх ширүүн тулалдаан, мөн өнгөрсөн онд Афганистаны нийслэл Кабул хотод амиа золиослогчдын үйлдсэн халдлагууд амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ. Афганистаны  бусад бүс нутагт харин дайн байлдаанд өртөн, амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо өнгөрсөн онд буурсан байна. 2015 онд Афганистаны хямралаас үүдэн амь үрэгдсэн болон гэмтэж шархадсан 11.002 хүний 10 хүн тутмын 1 нь эмэгтэй, 4 хүн тутмын 1 нь хүүхэд байсан байсан юм.

Эндээс харахад, Афганистаны хямрал мөргөлдөөнд амь үрэгдсэн эмэгтэйчүүдийн тоо 2014 оныхоос 37 хувь, хүүхдийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сөрөг хүчний босогчид эмэгтэйчүүдийн шилжин суурьших, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, боловсрол эзэмших эрхийг ноцтой зөрчиж, ёс зүйн доголдол гаргасан гэх үндэслэлээр цаазаар авах, ташуурдах шийтгэл оноох нь нэмэгдэж байгаа асуудлыг НҮБ-ын тус тайланд мөн онцолсон байна. Энэ тайлангаас үзэхэд Афганистанд хямралдагч талууд энгийн иргэдийн амь насыг хамгаалахаар гаргаж байгаа хичээл зүтгэл бодит байдалд төдийлөн биеллээ олоогүй гэж шинжээчид дүгнэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

2015 онд Афганистаны хямралаас үүдэн 3500 гаруй энгийн иргэн амь үрэгджээ  
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй