Шууд Chart

Ромын хамба Франциск Мексик улсад айлчилж байна

2016-02-15 12:22:38

Өчигдөр Ромын хамба Франциск Мексик улс дахь айлчлалаа үргэлжлүүлж, тус улсын хүн амын хамгийн ядуу буурай хэсэг амьдардаг Экатепек хотод хүрэлцэн очлоо. Тэрээр хотын сүсэгтэн олонд номлол айлдах үеэрээ Мексикийн нийгэм дэх баян, ядуугийн зааг ялгааг “Цөөнхөөс бүрдсэн, цөөнхөд үйлчилдэг нийгэм” гэж нэрлэн эрс шүүмжилсэн байна.

Мөн Мексикийн хөрөнгө чинээтэй, нийгмийн дээд давхаргынхныг бардам зан, хээнцэр чамирхалд дурлан, өөрсдийгөө нийгмийн бусад анги давхаргаас ангид мэт сэтгэж байгааг буруушаажээ. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтсан Карлос Слим Мексикийн иргэншилтэй. Түүнээс гадна ядуурал, хүчирхийлэл гаарсан тус улсын төрийн эрх баригчид авлига хээл хахуульд идэгдсэн гэдгээрээ олон улсад зартай юм. 1.6 сая хүн амтай Экатепек хотод сүүлийн жилүүдэд хар тамхи наймаалагч бүлэглэлүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн байна.

Мөн эдийн засгийн хямралаас шалтгаалан залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдэж, улмаар Экатепек хотод гардаг хүн амины хэргийн тоо Мексик улсад толгой цохих болсон юм. Ромын хамба Франциск тус хотод айлчлах үеэр түүний номлолыг сонсохоор 300 мянга орчим сүсэгтэн цугларсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлж байна. Тэрээр энэ удаад Мексик улсын хамгийн ядуу буурай, хямралд нэрвэгдсэн бүс нутгуудад айлчилж байгаа нь 2012 онд өмнөх хамба Бенедиктийн Мексикт хийсэн айлчлалаас эрс ялгарч байгаа юм. Экатепек хотод айлчилсныхаа дараа Ромын хамба Франциск Мексикийн хамгийн ядуу буурай мужид тооцогддог Чьяпас мужийн уугуул иргэдэд номлол айлдаж, хар тамхины бүлэглэлүүдийн мөргөлдөөн хямрал гаарсан Мичоакан мужийн нийслэл Морелиа хотын залуучуудтай уулзахаар төлөвлөж байна. Тэрээр айлчлалынхаа төгсгөлд Мексик, АНУ-ын хил дээр орших Сьюдад-Хуарес хотод очиж, хууль бус цагаачлалын асуудлаар үг хэлэх юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ромын хамба Франциск Мексик улсад айлчилж байна  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй