Шууд Chart

БНСУ: БНАСАУ Кэсоны аж үйлдвэр ажилчдын цалинг зэвсэглэлээр хөөцөлдөхөд зарцуулдаг

2016-02-15 15:25:43

Солонгосын хамтарсан Кэсон аж үйлдвэрийн цогцолборт ажиллаж байсан ажилчдынхаа цалингийн 70 хувийг Умард Солонгос зэвсэглэлээр хөөцөлдөх, нийгмийн дээд давхаргынхаа тансаг хэрэглээг хангахад зарцуулсан гэж Өмнөд Солонгос мэдэгдлээ. Умард Солонгосын өнгөрсөн сард хийсэн цөмийн туршилт болон энэ сард хөөргөсөн алсын тусгалтай пуужин зэрэгтэй холбогдуулан өнгөрсөн 7 хоногт Өмнөд Солонгосын эрх баригчид Кэсон аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг зогсоож байгаагаа зарласан юм.

Умард Солонгос энэ үйлдлийг “дайн зарласан хэрэг” гэж мэдэгдэн, улмаар Өмнөд Солонгосын ажилчдыг тус цогцолбороос албадан гаргаж, Өмнөдийн компаниудын хөрөнгийг царцаасан. Харин өчигдөр Өмнөд Солонгосын Эв нэгдлийн яам Кэсон аж үйлдвэрийн цогцолборт ажиллаж байсан Умардын ажилчдын цалинг хэрхэн зарцуулж байсан талаар мэдээллийг олонд дэлгэлээ.

Тус яамны сайд Хон Ёнпё орон нутгийн телевизэд өгсөн ярилцлагадаа БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрчдийн нам цогцолборын ажилчдад цалинг цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх, тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах зэрэгт зарцуулж байсан гэж мэдэгдсэн байна. Түүний өгсөн мэдээллээр Кэсон аж үйлдвэрийн цогцолборт ажилладаг байсан Умард Солонгосын ажилчдын цалингийн 70 хувийг төр хурааж, оронд нь хүнсний бүтээгдэхүүн худалдан авах тасалбар, мөн үндэсний мөнгөн тэмдэгтээ олгож байжээ. Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн ийм дүгнэлт хийсэн гэж мэдэгдэж байгаа ч, Өмнөд Солонгосын засгийн газар эдгээр эх сурвалжаа тодруулсангүй.

Сүүлийн жилүүдэд Кэсон аж үйлдвэрийн цогцолборт ажиллаж байсан ажилчдын цалин болох 616 тэрбум вон, өөрөөр хэлбэл 508 сая америк долларыг Өмнөд Солонгос Умард Солонгосын засгийн газарт шилжүүлсэн байна. Өмнөд Солонгос Кэсон аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг урьд нь зогсоолгүй хадгалж ирсэн нь олон улсын хамтын нийгэмлэг тус цогцолборын ач холбогдлыг ойлгож, үнэлж байсантай холбоотой гэж тайлбарласан байна. Харин энэ удаад Умард ажилчдынхаа цалинг юунд зарцуулахыг мэдэж байгаа учраас, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг юун түрүүнд харгалзан, цогцолборыг хаахаар шийдвэрлэсэн гэж Өмнөд Солонгосын тал мэдэгдлээ.

 

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНСУ: БНАСАУ Кэсоны аж үйлдвэр ажилчдын цалинг зэвсэглэлээр хөөцөлдөхөд зарцуулдаг  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй