
Их Британийн кино, телевизийн урлагийн 69 дэх удаагийн шагнал гардуулах ёслол өчигдөр Лондон хотноо болж өнгөрлөө. Британийн Оскар гэгддэг нэр хүндтэй тус наадамд хамгийн олон шагнал хүртэж, үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн киногоор Леонардо Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “Амилсан чөтгөр” тодорсон байна.
Тус кино шилдэг кино, шилдэг кино зураг авалт, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг жүжигчин зэрэг төрөлд өрсөлдөн, ялалт байгуулжээ. “Амилсан чөтгөр” киног найруулсан Мексикийн найруулагч Алехандро Иньярриту энэ нэр хүндтэй ёслолоос шилдгийн шагнал гардсандаа итгэж өгөхгүй байна гэж ярьсан бол гол дүрийн шилдэг жүжигчнээр тодорсон Леонардо Ди Каприо “Амилсан чөтгөр” киног амжилтад хүргэсэн гол амин сүнс нь эрсдэлд дурласан чөлөөт сэтгэлгээ, мөн зураг авалтын багийн авьяас чадвар, хичээл зүтгэл байсан гэж ярьжээ.
Үүнээс гадна “Галзуу Макс” кино нүүр хувиргалт, үс засалт, хувцас дизайны төрөлд шилдгээр тодорсон байна. Мөн Их Британийн алдарт жүжигчин Кейт Уинслет “Стив Жобс” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг туслах дүрийн шагналыг хүртлээ. Хоёр долоо хоногийн дараа Оскарын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдана. Их Британийн кино, телевизийн урлагийн шагнал гардуулах ёслолд шилдгээр тодорсон кино, уран бүтээлчид Оскарын шагнал хүртэх магадлал өндөртэй нэр дэвшигчдийн тоонд зүй ёсоор бичигдэж байгаа юм.
Их Британийн кино, телевизийн урлагийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө | ||
Үзсэн: 897 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.