Шууд Chart

Вишеградын бүлэг дүрвэгчдийн хямралыг хэлэлцлээ

2016-02-16 11:36:08

Өчигдөр Төв Европын Чех, Словак, Унгар, Польш зэрэг орны Ерөнхий сайд нар Чехийн нийслэл Праг хотноо уулзаж, цагаач дүрвэгчдийн урсгалыг хязгаарлах тухай хэлэлцжээ. Европын холбоонд интеграцичлагдах, цэрэг батлан хамгаалах, эдийн засаг, эрчим хүчний салбараа харилцан уялдаатай хөгжүүлэх зорилготой Вишеградын дөрвөлд багтдаг эдгээр орон дүрвэгчдийн урсгалыг сааруулахын тулд Гректэй залгаа хилээ хаахад нь Балканы хойгийн улсуудад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ өчигдрийн дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдсэн байна.

Төв Европын Унгараас бусад орон өнөөг хүртэл нутаг дэвсгэртээ төдийлөн олон цагаач дүрвэгч хүлээн аваагүй ч Шенгений бүсийн гадаад хил нээлттэй хэвээр байвал удахгүй дүрвэгчдийн хямралын давлагаанд нэрвэгдэнэ гэж эмээж байгаа юм.

Мөн Европын орнуудаас өнгөрсөн онд хамгийн олон буюу 1 сая гаруй цагаач дүрвэгч нутаг дэвсгэртээ хүлээн авсан Герман улс хилээ хаасан тохиолдолд дүрвэгсэд Төв Европыг зорихоос аргагүйд хүрнэ гэж Вишеградын бүлэг болгоомжилж байна.

Иймээс Ойрхи Дорнодын бүс нутгаас Өрнөд Европыг зорьсон дүрвэгчдийн дамжин өнгөрдөг Македон, Болгарын Гректэй залгаа хил дээр хаалт босгох хэрэгтэй гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан үзэж байна. Македон өнгөрсөн 11 дүгээр сард хилдээ эхний хаалтаа босгож эхэлсэн, харин одоо тус хаалттай залгаа дахин нэг хаалт нэмж босгож байгаа юм.

Ирэх пүрэв, баасан гарагт болох Европын холбооны гишүүн улс орнуудын дээд хэмжээний уулзалтаар цагаач дүрвэгчдийн асуудлыг хэлэлцэнэ. Үүнийг угтан өчигдөр болсон уулзалтаар дөрвөн орны Ерөнхий сайд нар цагаач дүрвэгчдийн асуудлаарх байр сууриа нэгтгэлээ.

Прагийн уулзалт болохын өмнөхөн Европын комисс Македонд хилийн хяналтаа чангаруулах, цагаач дүрвэгчдийн цувааг хязгаарлах зохицуулалт нэвтрүүлэхэд нь 10 сая еврогийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ энэ хөрөнгийг хил дээр хаалт босгоход зарцуулахгүй байхыг тус комисс шаардаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Вишеградын бүлэг дүрвэгчдийн хямралыг хэлэлцлээ   
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй