Манай хугацаат цэргийн алба хаагчид чөлөөт цагаараа ном уншихаас эхлээд шүлэг бичих дуртай. Байлдагч Б.Саруулгэрэл, Э.Баярчулуу нар эх орон, элгэн нутгаа бахдан бичсэн шүлгээ илгээжээ.
Би Сант нутгийн хүү

Хан буурал Баянтай нутгийн түүхээ мөнхөлж
Хатан тунгалаг Ивэнтэй зуун зууныг туулсан
Амарбаясгалан хийдийн өлмийд түшиж ургасан бургас
Алдарт Бүрэнгийн нуруунд урамдаж өссөн соёондоо
Би түмэндээ Сэлэнгэ хэмээн овогтой
Сант нутгийн хүү
Сээрийн давааны горхийг
Сэндийлж өссөн тоорой
Жалантын бэсрэг аманд
Жимсэн дотор хөрвөөж
Жигтүүртэн ч сүрдэж ойртдоггүй Баавгайтын зоонд нутаглаж
Тэлдийн уудам хөндийд зуслангийн уянга аялаж
Танхил жаахан охидтой болзож явсан хөвгүүн
Саруулын гацааны өвөрт төлийн дуутай цангинаж
Сарьдаг өндрийн оройд тасын дэгдээхэйтэй дүүлж
Хан Хушаатын нуруунд саадаг асаан гөрөөлж
Хар Гуяын горхиноос зорголтой хамт ундаалж
Би олондоо Сэлэнгэ хэмээн алдаршсан
Энэл нутгийн хүү
Орхон голын усанд
Сэлж өссөн жараахай
Саадгын уудам тал дээр
Шандас хүчээ сорьж
Шохойн нурууны ар дээр
Өвсний сорыг амталж
Таван жаргалантын оройд алсын чимээ чагнаж
Торгоны хээ шиг нутгаа үүрсэн байж харсан
Би Тахилт намгийн уснаас ундаалж өссөн унага
Тавилант энэ нутагтаа удмаа үлдээх үрээ
Амь Бүдүүний эхэнд нэрэмлийн охьд мансуурч
Асгат Бургастайн зоонд хэрэмтэйн хамт дүүлж
Би Цармийн эрээний эхэнд уяангалуулж явсан бэлтрэг
Цагаан толгойн энгэрт нартай мөнхөрөх чулуу
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 326 ДУГААР АНГИ.
Сургууль байлдааны батарейны түрүүч Б.Саруулгэрэл
Арван наймын "Богд уул"

Эзэн богд Чингис хааны хоёр загалаа харуулдаж
Эргэл хайрхан дээрээс харваж сэтэлсэн домогтой
Алс холын газраас ацалж харагдах Ноён уул
Ард түмний минь шүтээн болсон Арван наймийн Богд уул
Эргэн тойрох уулс нь энэ уулаа мандаг гэлцдэг
Эзэн Чингисийн сум буусан газар шугуй болж ургасан гэлцдэг
Торгон сумны үзүүрт оногдож
Тасарч үсэрсэн оройг нь
Тоодог тогоруу хэмээн нэршиж
Түүхэнд мөнхөрч үлдсэн гэлцдэг
Эргэх цагийг элээсэн түүхэндээ
Эзэн Чингисийн нэртэй мөнхөрсөн
Элгэн олон түмний минь сэтгэлд
Ээл ивээлээ мөнхөд хайрласан
Төөрөг тавилангаар учирсан
Төрсөн нутгийн уул
Түмэн олны минь шүтээн болсон
Тэргүүн дээд Богд хайрхан
Манан дундаас ч тодрон харагдах
Миний сэтгэлийн гэрэлт суврага
Мандах сумын минь түмэн олны
Мөнхөд хайрлах шүтээн уул аа
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 326 ДУГААР АНГИ
Сургууль байлдааны батарейны дэд түрүүч Э.Баярчулуу
| Байлдагч залуусын шүлгүүд... | ||
| Үзсэн: 1576 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.