
2024 оны зуны олимпийн 33 дахь наадмыг зохион байгуулах эрхийн төлөө таван улс өрсөлдөж байна. Олон улсын олимпийн хорооноос зуны олимпийн наадмыг долоон жилийн өмнө тодруулж, бэлтгэл ажлыг эхлүүлдэг. Тиймээс үүнд өрсөлдөх улсын мэдүүлгийг өнгөрсөн онд авч, зарласан. Тодруулбал, АНУ-ын Лос Анжелес, Францын Парис, Унгарын Будапешт, ХБНГУ-ын Берлин, Италийн Ром хот нэрлэгдсэн юм.
Тэдний эцсийн хариуг 2017 онд Перугийн нийслэл Лимад болох олон улсын олимпийн хорооны 130 дахь удаагийн чуулганаар танилцуулна. Тиймээс одоогоор нэр дэвшсэн хотууд аль хэдийнээ сурталчилгааны ажилдаа орж, олимпийн наадмын бэлэг тэмдэг болсон логог танилцуулаад байна. Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Лос Анжелес хотын дарга Эрик Гаркетти олимп, паралимпийн наадмуудад оролцсон тамирчин, 100 гаруй хүнээс бүрдсэн албаны хүний хамт дээрх олимпийн логог олон нийтэд танилцууллаа. Логонд нь далайн эргийн хотууд болон тэнгэр баганадсан өндөр барилгыг тусгасан байна. Түүнчлэн бэлэг тэмдэг болгож, Калифорни мужийг тодорхойлдог "Анжелено" нэртэй тэнгэрийн элчийг нар өөд тэмүүлж буйгаар дүрсэлжээ. Харин Итали улсын Рот хотын тухайд, өөрийн улсад байрлах дэлхийд алдартай түүхэн дурсгалт хөшөө, барилгуудыг байрлуулна гэдгээ мэдэгдэв. Мөн олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнг барих ажилд 2.3 тэрбум ам.доллар төсөвлөснөө хэллээ.
Сонирхуулахад, Лос Анжелес хотод өмнө нь олимпийн наадам хоёр, Франц, Италид тус бүр нэг удаа зохион байгуулагдаж байсан бол бусдад нь хараахан хийгдээгүй юм.
2024 оны олимпийн эрхийн төлөө таван улс өрсөлдөж байна | ||
Үзсэн: 2243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.