Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Сирид гал зогсоох түр хэлэлцээр ирэх бямба гарагаас хэрэгжинэ

2016-02-23 10:39:28
Error loading player: No playable sources found

Сирид дайтагч талуудын гал зогсоох түр хэлэлцээр энэ сарын 27-ны шөнө дундаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжихээр болсныг АНУ, ОХУ-ын эрх баригчид мэдэгдэж байна. Гэхдээ энэхүү гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Аль-Каида бүлэглэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг Аль-Нусра, мөн "Исламын улс" зэрэг алан хядагч бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагаа үргэлжилсэн хэвээр байх юм.

Энэ сарын 12-нд дэлхийн их гүрнүүд хуралдан, долоо хоногийн дотор Сирийн нутаг дэвсгэрт гал зогсоохоор тохиролцсон юм. Гэхдээ тохиролцоо заасан хугацаандаа хэрэгжиж эхлээгүй учраас АНУ, ОХУ-ын зарласан шинэ товын дагуу гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх эсэх дээр зарим ажиглагч эргэлзсэн байр суурьтай байна.

Өнгөрсөн ням гарагт Сирийн нийслэл Дамаск, мөн тус улсын баруун хэсэгт оршдог Хомс хотуудад алан хядагчид халдлага үйлдэж, энэ үеэр 140 гаруй хүн амь үрэгдсэн юм. 2011 оны гуравдугаар сараас хойш үргэлжилж байгаа Сирийн иргэний дайнд нийтдээ 250 мянга гаруй энгийн иргэний амь хохирсон гэх тооцоо байгаа юм.

Мөн 11 сая хүн орон гэрээсээ дайжихаас аргагүйд хүрч, дөрвөн сая хүн эх орноосоо дүрвэсэн байна. Ийнхүү тав дахь жилдээ үргэлжилж байгаа Сирийн хямралыг эцэслэхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин руу утас цохиж, гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлаар яриа хийжээ. Энэ утасны ярианы дараа Сирид гал зогсоох тухай хоёр орон хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Тус мэдэгдэлд зааснаар Сирийн хямралд татагдан оролцож байгаа гал зогсоох гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн талуудад энэ гэрээ үйлчлэх юм байна. Харин НҮБ-аас алан хядагч байгууллага гэж тодорхойлсон бүлэглэлүүдийн эсрэг АНУ тэргүүтэй эвсэл болон ОХУ-ын агаарын цэргийн ажиллагаа үргэлжлэх юм байна. Гэрээнд нэгдэх хүсэлтэй сөрөг хүчний босогчдын бүлгүүд энэ баасан гарагийн үд дунд гэхэд энэ хүсэлтээ албан ёсоор баталгаажуулах ёстой юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сирид гал зогсоох түр хэлэлцээр ирэх бямба гарагаас хэрэгжинэ  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй