Шууд Chart

А.Гантулга: Түрээсэлсэн байранд ямар нэгэн эвдрэл, гэмтэл гарвал барьцаа хөрөнгөөр нь шийдвэрлэнэ

2016-03-03 14:24:15

Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулгатай “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн талаар ярилцлаа.

-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн ерөнхий журмыг Барилга хот байгуулалтын яамнаас баталсан. Нарийвчилсан журмыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ хэзээ баталж, иргэдийг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?

-ТОСК-ийн удирдлагын хэмжээнд “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийн нарийвчилсан журмыг хэлэлцэж байна. Маргааш эцсийн байдлаар баталж, ирэх даваа гаригаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэддээ танилцуулна. Өнөөдөр ТОСК-ийн байрны гадаа түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд оочерлож байна. Үүнээс харахад иргэдийн дунд маш их хүлээлт үүссэн байна.

Журам батлагдаж, иргэдэд мэдээлэл хүргэсний дараа түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг нээлттэй бүртгэнэ. Иргэд бүртгэлээс хоцорчихлоо гэж санаа зовох хэрэггүй. Хүсэлт гаргаж байгаа бүх иргэнийг бүртгэж авна. Өнөөдрийн бидэнд байгаа мэдээллээр 27 мянга гаруй иргэн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр ийм хэмжээний хүмүүс байгаа учраас бүртгэлийн хугацааг 14 хоног болгоно.

Иргэдийн дунд нэг буруу ойлголт бий. Түрүүлж оочерлосон хүн л түрээсийн орон сууцанд хамрагдана гэж бодоод байна. Тийм биш, түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй бүх иргэдийг бүгдийг бүртгэнэ гэдгийг дахиад хэлье. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 27 мянган иргэн байгаа ч орох байр нь 350 айл. Тиймээс иргэдийн хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хийсний дараа сугалаагаар тодруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, 27 мянган иргэний дунд сугалаа явуулж 350 иргэн нь түрээсийн орон сууцанд хамрагдана. Энэ бол хамгийн шударга хуваарилалт болно гэж үзэж байгаа. Иргэдийн хувьд хөтөлбөрт хамрагдах шалгуурыг хангах хэрэгтэй байгаа. Шалгуур хангасан нь сугалаанд оролцож, хангаагүй нь хасагдана гэсэн логикоор явна. “Буянт-Ухаа 1” хороололд хамрагдах иргэдийг сугалаагаар тохируулсан журмаар явна гэсэн үг л дээ.

-Ер нь сарын орлого нь хэд байвал түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой гэж тооцоолсон бэ?

-Түрээсийн орон сууцны төлбөр тухайн өрхийн сарын орлогын 25 хувь нь байна гэж тооцсон. Тодруулбал, Улаанбаатар хотод 280 мянган төгрөгөөр хоёр өрөө байр түрээслэх шийдвэр гарсан. Тэгэхээр 280 мянга нь нийт орлогын 25 хувь гэж бодвол  1.120.000 орлоготой өрх хамрагдах боломжтой. Тиймээс иргэд өөрсдийн сарын орлогоо тооцож түрээсийн орон сууцанд хамрагдана. Хэврээ сарын орлогынх нь 25 хувь түрээсийн төлбөрт нь хүрэхээргүй бол автоматаар хасагдана. Мөн түрээсийн орон сууцанд хамрагдах өрх, иргэн заавал гэр хороололд амьдардаг, анх удаа орон сууцанд орж байх гэсэн шалгуурыг тавьсан.

-Иргэд байр түрээсэлж байгаад урт хугацаандаа өөрийн өмч болгон авах бололцоотой гэж яриад байгаа. Үүнийг журамд тусгасан юм уу?

-Журамд тийм зүйл тусгаагүй. Энэ бол 100 хувь түрээсийн орон сууц. Хамгийн багадаа тав хүртэл жилийн гэрээ байгуулж, түрээсийн орон сууцанд хамрагдахаар журамласан. Таван жил түрээслээд орон сууцанд өөрийн сэтгэлээр хандаж, түрээсийн мөнгийг цаг хугацаанд төлсөн бол иргэд цаашаа үргэлжлүүлэн сунгах нь нээлттэй. Мөн иргэд түрээсийн орон сууцанд орохын тулд гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг авна. Түрээсэлсэн байранд ямар нэгэн эвдрэл, гэмтэл гарвал барьцаа хөрөнгөөр нь шийдвэрлэнэ. Цаашид урт хугацаандаа түрээсийн орон сууцыг өмчлүүлэх асуудлыг ТОСК судалж үзнэ.

-Яамнаас түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн квотыг гаргасан байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай иргэдийн хувьд сарын орлого нь шалгуур хангахгүй байх тохиолдол гарч байна. Тэгэхээр сарын орлого нь нэг сая төгрөг байна гэдэг шалгуур нь хэр үндэслэлтэй юм бэ?

-Үүнийг ТОСК тооцоолж гаргасан зүйл биш. Статистикийн газраас жил бүр судалгаа явуулж өрхийн орлогыг тогтоодог. Үүнийг үндэслэн орлогын 25 хувиас доошгүй гэж тогтоосон. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд өрхийн дундаж орлого 1.130.000 төгрөг гэж гарсан. Тиймээс үүнийг үндэслэн журмаа барьж явна. Ер нь түрээсийн орон сууцыг квотоор олгохгүй. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэд гэж квотолж хуваарилаагүй. Харин түрээсийн орон сууцанд орох иргэдийг хувилах асуудлыг квот гэж ойлгоод байна.

-Нөгөө талд цалингийн зээлтэй хүмүүс түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой юу?

-Цалингийн зээлээ төлөөд цаана нь үлдсэн орлого нь түрээсийн орон сууцны шалгуурыг хангах юм бол боломжтой. Банк шиг “чи цалингийн зээлтэй байна” гээд зээлд хамруулахгүй гэх асуудал гарахгүй. Хамгийн гол нь үлдсэн орлогынхоо 25 хувиар түрээсийн төлбөрөө төлчихдөг байх ёстой.

-Эхний ээлжид Улаанбаатар хотод 350 айлыг түрээсийн орон сууцанд хамруулна гэж байна. Цаашид энэ хэмжээ нэмэгдээд явах юм байна. Тийм үү?

-Улсын хэмжээнд 1300 айлыг түрээсийн орон сууцанд хамруулахаар болсон юм. Эхний ээлжид 920 орон сууцны асуудал яригдаж байна. Улаанбаатар хотод 350 айл, үлдсэн нь хөдөө орон нутагт хэрэгжинэ. Энэ бол түрээсийн орон сууц хөтөлбөрийн эхний алхам нь. Цаашид түрээсийн орон сууцны олон барилга ашиглалтад орох учраас тоо хэмжээ өснө.

-Хувийн хэвшлээс орон сууцаа түрээслүүлэх санал ирж байгаа юу?

-Хувийн хэвшлээс санал ирж байгаа ч үнэ өндөр байгаа. Засгийн газраас баталсан хоёр байрны түрээсийн 280 мянган төгрөгийн түрээсийн төлбөр бол өнөөгийн зах зээлийн ханшаас гурав дахин хямдхан. Өнөөдөр Улаанбаатар хотод түрээсэлж байгаа нэг өрөө байрны түрээсийн үнэ дунджаар 500-700 мянга, хоёр өрөө 700-900 мянга байна. Гэр хороололд барьсан халуун усгүй, 00-гүй байрны түрээс 280-300 мянга байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс цаашид түрээсийн орон сууц хөтөлбөрийг эрчимтэй явуулах зайлшгүй шаардлагатай байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

А.Гантулга: Түрээсэлсэн байранд ямар нэгэн эвдрэл, гэмтэл гарвал барьцаа хөрөнгөөр нь шийдвэрлэнэ  
Үзсэн: 1132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2016-03-03 17:07
Гантулга аа чи орон сууцны үнийг бууруулахын оронд түрээслэх арга гаргаж, зальдан ядарсан иргэдийн халаасыг хоослох аргаа болиоч . чи бод нэг сард түрээс 280,000 төг, дээр цахилгаан, сөх, ус гээд 100,000 төг / багаар бодоход/ ингээд хамгийн багаар тооцоход 1 сард нэг айл 400,000 төг өгнө. зээл төлөхийн дайтай иүрээс төлж байдаг мөнгөө гөч гуйлагчин амьдрах уу наад явуулгүй бодлогоо зогсоо. ХАРИН БАЙРНЫ ҮНИЙГ 1 САЯД БУУЛГА
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2016-03-03 17:07
Гантулга аа чи орон сууцны үнийг бууруулахын оронд түрээслэх арга гаргаж, зальдан ядарсан иргэдийн халаасыг хоослох аргаа болиоч . чи бод нэг сард түрээс 280,000 төг, дээр цахилгаан, сөх, ус гээд 100,000 төг / багаар бодоход/ ингээд хамгийн багаар тооцоход 1 сард нэг айл 400,000 төг өгнө. зээл төлөхийн дайтай иүрээс төлж байдаг мөнгөө гөч гуйлагчин амьдрах уу наад явуулгүй бодлогоо зогсоо. ХАРИН БАЙРНЫ ҮНИЙГ 1 САЯД БУУЛГА

Бидэнтэй нэгдээрэй