Шууд Chart

Словакийн сонгуульд эрх баригч Смер нам ялалт байгуулжээ

2016-03-07 11:15:08

Өнгөрсөн бямба гарагт Словак улсад болсон парламентын сонгуульд тус улсын Ерөнхий сайд Роберт Фицогийн тэргүүлдэг эрх баригч Смер нам ялалт байгуулжээ. Сонгогчдын саналын 99.98 хувийг тоолсны дараах байдлаар тус нам нийт сонгогчдын 28.3 хувийн санал авч, тэргүүлсэн байна. Словакийн Смер нам нь хөрш Польш, Унгар улсын эрх баригч нам хүчинтэй адил цагаач дүрвэгчдийн эсрэг үзэлтэй зүүний нам юм.

Гэхдээ тус нам Словакийн одоогийн Ерөнхий сайдын хүсэн хүлээж байснаас доогуур дүнгээр энэ сонгуульд ялалт байгуулсан гэдгийг "Ройтерс" онцолж байна. Ингэснээр Роберт Фицогийн нам өөрсдийн тэргүүлсэн Засгийн газрыг амжилттай байгуулж чадаагүй тохиолдолд баруун төвийн үзэлтэй намууд нэгдэн, өргөн хүрээтэй эвсэл байгуулж магадгүй болжээ.

Европын холбоог ирэх 7-р сараас эхлэн Словак даргална. Иймээс Европын холбоонд нүүрлэсэн дүрвэгч цагаачдын хямрал болон бусад чухал асуудлаарх бодлогын хэлэлцүүлэгт одоогийнхоосоо илүү үүрэгтэй оролцож эхлэх Словакт энэ удаагийн парламентын сонгууль ямар үр дүн авчрахыг Брюссель анхааралтай ажиглаж байна. Смер нам сонгуулийн кампанит ажлынхаа үеэр оюутнууд болон өндөр настнуудад метрогоор үнэ төлбөргүй үйлчлэх, мөн нутаг дэвсгэртээ дүрвэгчдийг хүлээн авахаас татгалзах зэрэг мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн юм.

Фицогийн эрх баригч нам өмнө нь 2006-2010 он, мөн 2012 оноос өнөөг хүртэлх хугацаанд дараалан засгийн эрх барьсан байна. Тус намаас гадна энэ удаагийн сонгуульд 7 өөр нам хүчин парламентад суудал авсан байна. Эдгээрийн дунд өмнө нь парламентад суудалгүй байсан 4 нам байгаа юм. Словакийн шинэ парламентад олон нам хүчин суудал авсан, эдгээр нам хоорондоо хагаралтай байгаа учраас хамтарч эвсэл байгуулах боломж бололцоо, цаг хугацаа хомс гэдгийг тус улсын Ерөнхий сайд Роберт Фицо мэдэгдлээ.

Тэрээр өмнө жижиг намтай эвсэл байгуулж, хамтран Засгийн газар байгуулахаар найдаж байсан юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Словакийн сонгуульд эрх баригч Смер нам ялалт байгуулжээ  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй