Шууд Chart

АНУ-ын сансрын нисгэгч Скотт Келли ихэртэйгээ уулзлаа

2016-03-07 12:42:14

АНУ-ын сансрын нисгэгч Скотт Келли, ОХУ-ын сансрын нисгэгч Михайл Корниенко нар олон улсын сансрын станцад 340 хоног ажилласны дараа эх дэлхийдээ эргэн ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнгөрсөн лхагва гарагт эдгээр сансрын нисгэгч Союз хөлгөөр Казакстан улсын Байконурын сансрын буудалд газардсан байна. Тэдэнтэй хамт Олон улсын сансрын станцад 6 сар ажилласан ОХУ-ын залуу сансрын нисгэгч Сергей Волков мөн эх дэлхийдээ ирсэн юм.

АНУ-ын сансрын нисгэгч Скотт Келли одоо 52 настай бол Оросын нисгэгч Корниенко 55 настай. Тэд түүхэнд Олон улсын сансрын станцад хамгийн урт хугацаагаар ажилласан сансрын нисгэгчдийн гуравдугаарт жагсаж байна. Зөвлөлт Холбоот Улсын сансрын нисгэгчид сансарт нэг удаад хамгийн урт хугацаагаар ажилласан дээд амжилтыг өнөөг хүртэл эзэмшсээр байгаа юм.

Тэднээс Зөвлөлтийн сансрын нисгэгч Валерий Поляков 1994-1995 оны хооронд сансарт 438 хоногийн хугацаатай ажилласнаараа энэ түүхэн амжилтын тэргүүнд бичигддэг. Сая дэлхийдээ газардсан Америк, Оросын сансрын нисгэгчдийн хувьд сансарт 340 хоног ажилласан.

Скотт Келли эх дэлхийдээ газардсаны дараа булчин нь хөндүүрлэж, үе нь өвдөж эхэлсэн, мөн арьс нь хэт мэдрэг болсон зэрэг биед нь мэдрэгдсэн өөрчлөлтүүдийн талаар ярьсан байна. 52 настай Скотт Келли өөртэй нь Марк гэх усны дусал мэт адилхан ихэртэй. Тэрээр өнгөрсөн лхагва гарагт ихэртэйгээ эргэн уулзжээ.

Эрдэмтэд сансарт хүний биед ямар өөрчлөлт гардгийг тодруулахын тулд Скотт болон Марк Келлигийн бие махбодыг харьцуулан судлахаар төлөвлөж байна.

Бас нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэхэд, Скотт Келли сансарт 340 хоног байхдаа 3.8 см өссөн байна. Гэхдээ энэ нь таталцалгүй орчинд Скоттын сээр, нуруунд тэлэлт явагдсанаас үүдэлтэй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Харин эх дэлхийдээ эргээд татах хүчний нөлөөнд орсны дараа Скоттын өндөр аажмаар эргэн хэвийн хэмжээндээ орж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын сансрын нисгэгч Скотт Келли ихэртэйгээ уулзлаа  
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй