
Дэлхийн нэгдүгээр дайны үед Францын Сомм голын эрэгт Германы эсрэг Их Британи, Францын армиуд хамтран түүхэн тулалдааныг хийсэн байдаг. 1916 оны долоодугаар сараас 11 дүгээр сарын хооронд өрнөсөн энэ тулалдааны 100 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар уулзсан байна.
Энэ уулзалтаар хоёр орон цэрэг батлан хамгаалахын салбарт ашиглах нисгэгчгүй төхөөрөмж дроны шинэ хувилбарыг зохион бүтээх хоёр тэрбум еврогийн төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тохиролцооны хүрээнд Франц, Их Британийн компаниуд хамтран олон зориулалтаар ашиглаж болох Европ дахь хамгийн дэвшилтэт загварын байлдааны нисгэгчгүй төхөөрөмж бүтээн, 2020 он гэхэд техникийн шалгалтад оруулах, 2030 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Төслийн үр дүнд хоёр оронд олон тооны ажлын байр шинээр бий болно гэдгийг Кэмерон, Олланд нар уулзалтынхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцолсон. Энэ төсөлд зориулан хоёр орон тус бүр нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулах юм. Байлдааны дроны туршилтын хувилбарыг бүтээх ажил 2017 оноос эхлэхээр болжээ.
2010 онд Их Британи, Франц хоёр орон батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай хоёр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний хүрээнд хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэгдсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Ирээдүйн агаарын байлдааны систем байгуулах энэ төслөөс гадна Их Британийн агаар-газар ангиллын Бримстоун залуурт пуужингаар “Тайгер” байлдааны нисдэг тэргийг зэвсэглэх тухай асуудлыг Францын тал бодолцож үзэхээр болсон байна.
Мөн Африкт дайчлагдан үүрэг гүйцэтгэж байгаа франц цэргүүдэд Их Британийн тал нисдэг тэргээр бараа бүтээгдэхүүн зөөвөрлөн, дэмжлэг үзүүлэхээр хоёр тал тохиролцсон байна.
Их Британи, Францын удирдагчид уулзав | ||
Үзсэн: 1240 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.