Шууд Chart

Европын зөвлөлийн тэргүүн Турк, Грекийн удирдагчидтай уулзлаа

2016-03-07 12:49:58

Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск Туркийн Ерөнхий сайд Ахмет Давут-Оглу болон Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас нартай уулзаж, цагаач дүрвэгчдийн хямралыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна. Турк улсаас  далай гатлан Грект хүрч байгаа дүрвэгчдийн урсгалыг зогсоох нь Европын зөвлөлийн тэргүүн Анкара болон Афинд айлчлах болсон гол шалтгаан байсан юм.

Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск энэ асуудал тооны тухай биш, харин өдөр бүр хийлдэг завинд суун, амь насаа эрсдэлд оруулж байгаа дүрвэгчдийн амь настай холбогдсон чухал асуудал болохыг Анкара дахь уулзалтынхаа дараа мэдэгдсэн. Тэрээр цагаачдыг Европ тивд хүрч очихын төлөө амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг уриалсан юм.

Мөн Европын холбооны гишүүн орнууд цагаач дүрвэгчдийн тухай дан ганцаараа, бусад гишүүн оронтойгоо уялдаа холбоогүй шийдвэр гаргахаа зогсоох хэрэгтэй гэж Туск мэдэгджээ.

Өнөөдөр Европын холбооны дээд хэмжээний уулзалт болно. Тус уулзалтаас өмнө Туск Европ тивд очиж байгаа дүрвэгчдийн дамжин өнгөрдөг гол орон болох Турк, мөн дүрвэгчдийн эсрэг хилийн хяналтаа чангаруулсан Балканы хойгийн орнуудаар айлчилж, дүрвэгчдийн талаар нэгдсэн, уялдаатай бодлого хэрэгжүүлэх талаар дэмжлэг авахыг зорьж байсан. Дональд Туск Грекийн нийслэлд тус улсын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ эдийн засгийн цагаачдад хандан, Европт ирэхгүй байхыг хүссэн байна.

Энэ хооронд Македон, Гректэй залгаа хилээ хааснаас үүдэн хоёр орны хил дээр гацсан цагаач дүрвэгчийн тоо 30 мянга хүрсэн мэдээтэй байгаа юм. Европын зөвлөлийн тэргүүнтэй уулзах үеэрээ Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Европын холбооны гишүүн орнууд дүрвэгчдийн хямралд адил тэгш хариуцлага хүлээхгүй байгааг шүүмжилсэн байна.

Өнөөдөр эхлэх дээд хэмжээний уулзалтын үеэр Грек хямралд Европын холбооны гишүүн орон бүр ижил тэгш хариуцлага үүрэхийг шаардаж, энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй орнуудын эсрэг хориг арга хэмжээ тогтоох тухай санал оруулна гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Европын зөвлөлийн тэргүүн Турк, Грекийн удирдагчидтай уулзлаа   
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй