Шууд Chart

Аашны тулам

2016-03-07 14:25:30

Чамдаа захидал бичилгүй их удаж дээ. Эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулан "Аашны Тулам"  нэртэй захидал бичлээ.

Сайн байна уу миний хайрт. Цорын ганц надад заяасан бүсгүй Урнаад олон жилийн өмнө 1985 оны зургаадугаар сарын 15-ны өдөр захидал бичиж байсан санагдана.

Нэг нь Ардын армид алба хаах болж нөгөө нь АУДуСургуульд оюутан болсон хавар юмдаг. Азаар Зүүнбаян, Дорноговь аймаг хоёр хоорондоо 45 км зайтай галт тэрэг явна, авто машинаар явахад зам сайтай байлаа.

Цэрэг дагахаас тэрэг дага гэсэн зүйрлэл гарсан төдийгүй Анагаахын сургуулийн захирал тухайн үед Зүүнбаян явсан охин байвал шууд сургуулиас нь халах журамтай байсан.

Сайншанд буюу ар төмөр замд цэргийн комендат ажилладаг. Цэрэг, офицер, ахлагчгүй шалгаж журамладаг. Зүүнбаян бас дивизийн комендаттай эргүүл шалгалт ихтэй. Хал цэргийн дэг диаграмм хүчтэй байсан үед л бид хоёрын хайр дурлал ид асаж байлаа.

Бидэн хоёрыг захидал шуудан ирэх өдөр, тэмдэглэл хөтөлсөн жижиг дэвтрүүд холбож байв. Би ч зоригтой оргож шөнө дөлөөр ЗИЛ 130 машинтай очно. Очих замаа Хар уулын бартаатай замыг сонгоно. Учир нь эргүүл шалгалтаас тойрч буцахдаа өглөө маш эрт гарч давхидагсан. Урнааг зарим үед би ятгасаар байгаад ирүүлдэг байв.

Зүүнбаянд ирсэн үед нь цэргийн малгай, пэкиж өмсгөөд анги руугаа авч оруулна. Манай найз цэргүүд бүгд хуйвалдаж, мэдэгдэхгүйгээр захирагчийн жолооч галт тэргэнд суулгаж өгдөг сөн.

Одоо бодож байхад мөн ч тэнэг мангар зоригтой байж дээ. Дараа нь би оюутан боллоо. ХААДС-ийн инженерийн ангийн найзууд маань хаад ганц нэг архи уух болоод хундаганы үг хэлэх болвол "Би ганц эхнэр, хоёр хүүгийнхээ эрүүл мэндийн төлөө" гэдэгсэн.

Зургаан жил бас л хоёр газраас захидал бичиж бие биенээ хайрласан даа. Есөн жил хүлээсэн ерөөлөөр учирсан чамайгаа гомдоох эрх байхгүй гэж бодож, хааяа сэтгэл хөдлөхөөр шүлэг бичиж өгдөг юм.

Чи минь

Чимэг зүүлт гүй чихэндээ ээмэггүй
Чихэрт дуртай, чимээгүй зогсчихдог
Сувд зүүлт мэдэхгүй
Сурагчийн дүрэмт хувцастай
Одод түгсэн тэргэл сартай шөнөөр
Охин насаа надад өгсөн гэгээн хайрын эзэн чамд
Шүлэг бичиж бэлэг барья
Гэх мэт ...?!


Чи л минийх

Чи л минийх бусдыг нь би мэдэхгүй
Чин зүрхний минь бүхэл орон зайд дангаараа оршсон
Чиг зүгээ олоогүй алдрай насны минь ариун хүслийг аргамжиж
Чигээрээ надад үлдсэн хонгор бүсгүй чи л минийх

Цэрэг эрсийн цээжинд нь хамт явсан эх орон нь
Цэцэгт талын дунд ургасан өнгөлөг ганцхан цэцэг нь
Цэл залуухан насанд ухаан алдуулж дурлуулсан бүсгүй заяа нь
Цэвдэгтэй уулын ард ургасан шилмүүст модны үр жимс нь

Балчир насанд сурагчийн дүрэмт хувцастайгаа ирсэн
Баглаатай цэцэг барьж баярлуулаагүй ч
Бадаг шүлэг тэрлэж сэтгэлээсээ хайртай шүү гэдгээ тангараглая.?!


Уранцэцэг-т

Чи бол миний чин зүрхэнд шигдэж ургасан цэцэг
Чи миний дэргэд чимээгүйхэн ирж буцдаг улирал
Чи надад хаврын зөөлөн цас болон нялхардаг
Чи надад зуны зул цагаан цэцэг болон дэлбээлдэг
Чи надад намрын навчис болон хагдарч хуйсганадаг
Чи надад өвлийн тэсгим хүйтэн жавар болон алгаддаг аа
Чамайг үгүй бол миний амьдрал үгүй юм шигээ
Чимээ гардаггүй бороо асгаж, салхи хүүгээд
Чи миний сэтгэлийн гүнд ургасан гоёмсог цэцэг юм даа.

Одоо хамт байсаар хэлэх үгний хэрэггүй, дуудах нэрний хэрэггүй ан зангаа мэддэг болжээ. Бид бага хүүгээ багад нь уурын тулам гэж өхөөрддөг байсан юм. Уурлахаараа хамар зангидаж уурладаг, уйлахаараа гадаа гарч уйлдаг, төдхөн зүгээр болоод ороод ирнэ. Их хөөрхөн ?!

Саяхан Ч.Ганжавхлан бэлэг өгөх чөтгөрүүд гээд бичсэн байхаар нь ямар муухай нэрлэсэн юм гээд коммент бичсэн чинь та чинь настай хүн байж өхөөрдөж нэрлэдэг тухай мэддэггүй юм уу гэсэн байв.

Түүнтэй адил би "Аашны тулам" гэж нэрлэхээр боллоо. Хайр майр гэвэл тоохгүй бараг ааш нь хөдөлнө. Залуухан байхад хол юманд явах болоход уйлаад хоцордогсон тэр үед. Би "усан нүдэн гүнж" гэдэг байсан одоо бол "Аашны тулам" болжээ.

Телевизээр Л.Гүндалай гуайн нэг дууны клип олон явлаа. Би харж байгаад энэ клип хийсэн хүмүүс нь нум, сум харваж байгаа хэсэг худлаа болжээ гээд хэлээд орхисон чинь өөрөө юу ч чадахгүй байж тэр ямар хамаатай юм гээд загнаж гарлаа. Зогсохгүй болохоор нь чиний Гүнээ сайхан харагдаж байна гэж байж зогсоосон.

Уурлахгүй сайхан харилцахаар нь:
-Би за юу болов яагаад байна ?! гэж гайхдаг болсон. Хэдхэн хоногийн өмнө Дундговь аймгаас ирэхэд нь угтаж авах болов. "Энхжин" худалдааны үүдэнд буугаарай. Машины дугаар явдаггүй өдөр учир Орбит-д байдаг дүүгийндээ хүлээж байя гэж тохиров.

Тэнд жаахан унтаад авч. Утас дуугарч ирлээ гэнэ. Босоод хувцаслах зуур 3, 4 залгахаар нь дулаан газар ороод хүлээж бай гэлээ.

Дахиад л залгалаа уур хүрээд үхлээ юу гээд хэлчихэв ээ.
Хэрэг мандлаа. Давхиад очтол цүнхээ чулуудаж машинд орж ирж суугаад загнаж гарлаа.
-Хамт буусан хүмүүсийг тосох машин нь ирээд аваад давхисан л гэнэ.
-Нэг газар ороод зогстол манайх хаалаа гэсэн гэнэ,
-Нэг жижиг нохойн гөлөг дагаад салахгүй байсан гэнэ ээ.
Бөөн асуудал болсон тухай тэгээд үхлээ юу гэж хэлсэн нь гал дээр тос нэмсэн бололтой.

Аргадах санаатай маруужин идэх үү гэлээ. Идэхгүй гэнэ ээ, дургүй гэнэ. Дуугүй давхиж гэртээ ирлээ.

Уурлаад л хамаг ажлаа хийдэг. Гурван жинсэн өмд гараараа угааж бид гурвыг хоол ундаар дутаагаагүй, хиргүй хувцастай байлгаж энэ зэрэгт хүргэсэн гавьяатай, хэрэг дээрээ хамаг буруу зүйлийн эзэн нь болдог ганцхан эмэгтэйдээ загнуулах нь жаргал юм даа. Баярынх нь өдөр загнуулах зөрчил гаргахгүй байхыг хичээнэ ээ.

Хүндэтгэсэн Б.Баярнэмэх.
2016-3-5.


Аашны тулам  
Үзсэн: 1569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй