Шууд Chart

Иракийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн дахин ашиглалтад орлоо

2016-03-08 13:15:01

Ирак улсын "Зафра Луна" үндэсний цэцэрлэгт хүрээлэн дахин ашиглалтанд орсон талаар "Ассошиэйтед Пресс" агентлаг мэдээллээ. 2003 оны Ирак-АНУ-ын дайны үеэр бараг бүрэн гүйцэд сүйрсэн энэ хүрээлэнг Багдад хотын захиргааны санаачлагаар сэргээн засварлаж дууссан байна.

"Зафра Луна" цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд хөгжөөнт тоглоом, амьтны хүрээлэн, зайдгай театр, төрөл бүрийн үйчилгээний цэгүүд гээд олон сонирхолтой үзвэр, үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ санал болгож байгаа юм. Тиймээс тус хүрээлэн нь Багдад хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газруудын нэгээр зүй ёсоор нэрлэгдээд байна. Түүхийн хувьд анх 1970 онд ашиглалтанд орсон тус цэцэрлэгт хүрээлэн нь 2003 хүртэл хэвийн ажиллаж байгаад дайны үеэр бүрэн сүйдсэн юм.  Гэхдээ сүүлийн хоёр жил түүнийг нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэсэн тул одоо хуучин дүр төрхөө дахин олж аваад байгаа юм.

Үнийн хувьд хүрээлэнд ороход 1000 динар буюу манай ханшаар 1500 орчим төгрөг бол хөгжөөнт тоглоомууд нь 2-8 мянган төгрөгний ханштай. Тус хүрээлэнгийн 54 метрийн өндөртэй алсыг харагч олны сонирхолыг ихээр татаж байгаа юм байна. Энэ алсыг харагч дээрээс Багдад хотыг бүхлээр нь харж болдог нь үйчлүүлэгчдийг татах үндсэн нөхцөл болж байгааг хүрээлэнгийн ажилчид онцолжээ. Одоогоор энэ цэцэрлэгт хүрээлэнгээр жилд 3 сая гаруй хүн үйлчлүүлнэ гэсэн тооцоо байгаа.

Гэхдээ аюулгүй байдлын асуудалдаа онцгой анхаарал тавихгүй бол тус улсад олон хүн цуглардаг газруудад алан хядах ажиллагаа явагдах магадлал өндөр байдаг болохыг мэргэжлийн байгууллагууд анхааруулжээ. Гэхдээ цаашид энэ цэцэрлэгт хүрээлэн Багдад хотын бахархалуудын нэг болно гэдэгт хүрээлэнгийн захиргааныхан итгэлтэй байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Иракийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн дахин ашиглалтад орлоо  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй