Шууд Chart

Европын холбоо-Туркийн дээд хэмжээний уулзалтаас дорвитой шийдэл гарсангүй

2016-03-08 13:56:39

Өчигдөр Бельгийн нийслэл Блюссель хотноо болсон Европын холбоо-Туркийн дээд хэмжээний уулзалтаар Европын холбоонд нүүрлэсэн дүрвэгчдийн хямралыг хэрхэн шийдвэрлэх, үүнд Турк улс ямар үүрэгтэйгээр оролцох тухай хэлэлцлээ. Туркээс далайг завиар гатлан, Грект очиж байгаа цагаач дүрвэгчдийг буцаах, эргийн харуул хамгаалалтаа чангатгах хүсэлтийг Европын холбоо тавьсан.

Харин Туркийн эрх баригчид хэд хэдэн урьдчилсан нөхцөлийг Европын холбоо биелүүлсэн тохиолдолд тодорхой хугацаанаас хойш Туркээр дамжин Шенгений хилд нэвтэрсэн бүх цагаач дүрвэгчийг эргүүлэн нутаг дэвсгэртээ хүлээж авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Эдгээр нөхцөлийн дотор Туркийг Европын холбоонд элсүүлэх яриа хэлэлцээг түргэвчлэх, мөн тус улсын нутаг дэвсгэрт орогнож байгаа Сирийн дүрвэгчдэд Европын холбооноос 2018 он хүртэл олгох тусламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг шаардлага багтаж байна.

Үүнээс гадна Туркээс Грект очсон Сирийн дүрвэгчдийг эргүүлэн авсан нөхцөлд Европын холбоо яг тэр тооны дүрвэгчийг Туркээс хүлээн авч, гишүүн орнуудынхаа нутаг дэвсгэрт орогнуулах шаардлага тавьжээ. Мөн Туркийн иргэд Шенгений бүсийн орнуудад визгүй зорчих боломжийг ирэх 6 дугаар сар гэхэд нээх санал багтсан байна. Европын комиссын тэргүүн Жан-Клод Жанкер энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар ахиц дэвшил гарсан гэж мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр Туркийн энэхүү гэнэтийн санаачлага, шаардлагуудыг богино хугацаанд хэлэлцэж, эцэслэсэн шийдвэрт хүрэх боломж хомс байсныг зарим орны төлөөлөгч хэлж байна.

Европын холбоо-Туркийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын өмнө Германы канцлер Ангела Меркел, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте нартай Туркийн ерөнхий сайд Ахмет Давут-оглу уулзсан юм. Уулзалтын үеэр Туркийн ерөнхий сайд нутаг дэвсгэртээ орогнуулж байгаа Сирийн дүрвэгчдэд тусламж үзүүлэхэд Европын холбооноос 3 тэрбум еврогийн дэмжлэг хүссэн гэж Ройтерс агентлаг мэдээлж байна. Өөр эх сурвалжууд энэ хөрөнгийн хэмжээг 20 тэрбум байсан гэх эрс зөрүүтэй мэдээллийг өгч байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Европын холбоо-Туркийн дээд хэмжээний уулзалтаас дорвитой шийдэл гарсангүй  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй