Шууд Chart

БНСУ, АНУ умардын эсрэг дайны төлөвлөгөөгөөр сургуулилт явуулж байна

2016-03-08 14:11:33

БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт өчигдөр эхэллээ. Умардын цөмийн аюулыг сөрөн зогсох, болзошгүй дайралтад бэлэн байх зорилгоор тус сургуулилтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Сургуулилтын цар хүрээ энэ онд урьд жилүүдийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц өргөжсөн болохыг Өмнөд Солонгосын тал мэдэгдэж байна.

АНУ-ын зэвсэгт хүчний 17 мянга, мөн Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний 300 мянган албан хаагч хамтран энэ удаагийн сургуулилтад оролцож байгаа нь өмнөх жилийн үзүүлэлтээс даруй 30 хувиар өссөн дүн юм. Энэ сургуулилтаар дамжуулан холбоотнууд Умард Солонгост төрийн эргэлт хийхийг санаархаж байна гэж Пхеньян үзэж байгаа. Иймээс өдөөн хатгасан үйлдэл хийсэн тохиолдолд Умард Солонгосын ард түмэн, цэрэг арми хариу барихад бэлэн гэдгээ анхааруулсан байна. Энэ удаагийн Америк, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт бүс нутагт хурцадмал байдал үүссэн цаг үед зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ олон улсын анхаарлын төвд байна.

Умард Солонгос нэгдүгээр сард цөмийн зэвсэг туршиж, өнгөрсөн сард алсын тусгалтай баллистик пуужин хөөргөсөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн 7 хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг түүхэн дэх хамгийн хатуу чанга хориг арга хэмжээг тогтоосон бол, өнөөдөр Өмнөд Солонгосын тал Умардын эсрэг дахин нэмэлт хориг арга хэмжээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт өнгөрсөн онд хоёр орны баталсан дайны цагийн төлөвлөгөөнд суурилж байна.

Энэ төлөвлөгөөний хүрээнд хоёр орны цэрэг Умардын цөмийн байгууламж болон пуужингийн цогцолборуудад цохилт өгөх, Умардад төрийн эргэлт хийх ажиллагааг сургуулилна гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна. АНУ-ын тал цэргийн сургуулилтын агуулга төлөвлөгөө нууцлалын зэрэгтэй мэдээлэл учраас энэ талаар тодруулга хийхээс татгалзлаа. Холбоотнууд энэ удаагийн сургуулилт өдөөн хатгасан агуулгагүй болохыг Умардын талд урьдчилсан мэдэгдсэн гэх тайлбарыг мөн өгч байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНСУ, АНУ умардын эсрэг дайны төлөвлөгөөгөөр сургуулилт явуулж байна  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй