Шууд Chart

Зика вирус, микроцефали эмгэгийн уялдаа холбоог судалж байна

2016-03-08 14:31:35

Зика вирусын халдвар болон ургийн толгойн хөгжил саарч, хэвийн хэмжээнээс жижиг толгойтой төрөх эмгэг буюу микроцефали хоорондын уялдаа холбоог судлахаар Швейцарид олон орны эрдэмтэн судлаачид хуран цуглаад байна. Шумуулаар халддаг энэхүү вирус эхийн хэвлийд байгаа ургийн тархины хөгжлийг саатуулж, жижиг толгойтой, улмаар оюуны хомсдолтой болгодог байж магадгүй гэдэгт гол аюул оршиж байгаа юм.

Өнгөрсөн 10 дугаар сараас хойш зөвхөн Бразил улсад л гэхэд зика вирусын халдвартай эхчүүдээс төрсөн 4 мянга орчим хүүхэд микроцефали гэж нэрлэгддэг ийм эмгэгтэй байжээ. Тус вирусын халдвар Төв болон Өмнөд Америкийн бүс нутагт үргэлжлэн тархсаар байгаа. Үүнтэй холбогдуулан зика вирусын халдвар эрчимтэй тархаж байгаа улс орнуудын 100 орчим судлаач, мэргэжилтэн микроцефали гэх эмгэг зика вирусын халдвартай холбоотой эсэхийг судлан тогтоохоор ажиллаж байна. Олон улсын зарим байгууллага зика вирусын халдвартай эхээс жижиг толгойтой нярай мэндлэх тохиолдол олшрох хандлагатай байгааг анхааруулж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн зохион байгуулж байгаа зика вирусын талаарх эрдэмтэн шинжээчдийн уулзалт маргааш өндөрлөнө. Энэ уулзалтын үеэр мэргэжилтнүүд мөн зика вирусыг анагаах эм бэлдмэл, мөн халдвараас урьдчилан сэргийлэх тарилгын талаар хэлэлцэх юм байна. Өнөөдөр мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зика вирусын халдварын асуудлаарх онцгой байдлын хорооны уулзалт эхэлж байна. Мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгээс гарсан шинэ санал санаачлагыг онцгой байдлын хорооны энэ уулзалтад танилцуулахаар төлөвлөж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Зика вирус, микроцефали эмгэгийн уялдаа холбоог судалж байна  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй