Шууд Chart

АНУ-ын тэргүүн хатагтай асан Нэнси Рейган таалал төгслөө

2016-03-09 14:29:42

Америкийн бүх цаг үеийн хамгийн шилдэг Ерөнхийлөгчийн нэг Рональд Рейганы эхнэр Нэнси Рейган 94 насандаа таалал төгслөө. Түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн, нэр хүндтэй эмэгтэйчүүдийн нэг тэрээр АНУ-ын Бүгд найрамдах болон Ардчилсан намуудыг эв санаа нэгдэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм.

Рональд Рейганы хувьд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, сонгогдсон ерөнхийлөгч байсан ч түүний гэргий, тэргүүн хатагтай Нэнси Рейганы хурц ухаан, бусдыг эвлэлдүүлэн нэгтгэх чадвар нь Ардчилсан намыханы ч хайр хүндэтгэлийг хүлээж байсан гэдэг. Түүний хэлсэн үг, хийсэн ажил нь хоёр намыг нэг зорилгын төлөө нэгдэн зүтгэхэд хүргэж, нөхрийнхөө улс төрийн замналд чухал нөлөө үзүүлсэн гэдэгтэй шинжээчид санал нийлж байна. АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишел Обама нар Нэнси Рейганыг төрийн тэргүүн хатагтай гэсэн ойлголтод хувьсгал хийсэн хүн байсныг онцолсон байна.

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгч болсон эцэг хүү Буш, амбан захирагч асан Арнольд Шварценеггер, ирэх сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийг тодруулах сунгаанд өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трамп, Тед Круз нар Нэнси Рейганы шарилд хүндэтгэл үзүүлэв. Тэд Рональд Рейганы хүрсэн амжилтын ард Нэнси хамт зогсож байсныг хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэрээр улс төрийн амьдралаас холдсон ч ард иргэдийнхээ төлөө хийх ажлаа зогсоогоогүй. Нэнси насан өөд болтлоо өөрийн нөхрийн өвчилсөн Альцгеймерийн өвчинтэй тэмцэх үйл хэрэгт идэвхийлэн зүтгэж байлаа.

Иймээс аугаа эр хүний ард гайхамшигтай эмэгтэй байдгийн хамгийн тод жишээдийн нэг нь Нэнси Рейган гэдэгтэй дэлхий нийт санал нийлж байна. Түүнийг энэ Баасан гарагт Калифорни мужийн Рональд Рейганы нэрэмжит номын сангаас эцсийн замд нь үднэ. Үүнээс өмнө өнөөдөр болон маргааш олон нийт Нэнси Рейгантай салах ёс гүйцэтгэх юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын тэргүүн хатагтай асан Нэнси Рейган таалал төгслөө  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй