Шууд Chart

"Гүүгл" корпораци эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт зориулсан дүрс бичлэг нийтэлжээ

2016-03-09 14:39:59

Жил бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан "Гүүгл" корпораци спорт, урлаг соёл, шинжлэх ухаан технологийн салбарт эмэгтэйчүүдийн ололт амжилтыг олон нийтэд танилцуулсан дүрс бичлэг нийтэлдэг уламжлалтай. Харин тус корпораци энэ онд дээрх уламжлалаасаа бага зэрэг гажиж, эмэгтэйчүүдийн өнгөрсөн биш ирээдүйд чиглэсэн дүрс бичлэг хийсэн байна.

Тэрхүү бичлэг “Нэг л өдөр би” гэдэг нэртэй. Эмэгтэйчүүдийн ирээдүйдээ юуг хүсэж мөрөөдөж явдгийг "Гүүгл" энэхүү шинэхэн бичлэгтээ харуулахыг зорьжээ. Энэ бичлэгийг бүтээхийн тулд "Гүүгл" корпорацийнхан дэлхийн улс орнуудын 13 хотыг зорьж, 337 охид, эмэгтэйчүүдээс “Нэг л өдөр би” гэсэн өгүүлбэрийг гүйцээн хариулахыг хүссэн байна. Энэ өгүүлбэрийг гүйцээхдээ эмэгтэйчүүд ирээдүйдээ тавьсан зорилго, мөрөөдлөө "Гүүгл" корпорацийнхантай төдийгүй, дэлхий нийттэй хуваалцах боломж олдсон юм.

АНУ-ын Сан Франциско, Бразилын Рио де Жанейро, ОХУ-ын Москва, Египетийн Каир, Германы Берлин, Францын Парис, Японы Токио болон Энэтхэгийн Шинэ Дели зэрэг соёл уламжлал, зан заншлаараа ялгаатай хотод амьдардаг нас насны, төрөл бүрийн сонирхолтой эмэгтэйчүүд бичлэгт оролцсон. Тэдний хүсэл мөрөөдөл, ирээдүйдээ тавьсан зорилго нь ч үүнийгээ дагаад олон янз байжээ. Нэгэн эмэгтэй төгсгөлгүй бутархай болох “Пи” тооны мэдэгдээгүй байгаа дараачийн орнуудыг бодож олохыг хүсдэг гэсэн бол ярих чадвараа алдсан хүмүүсийн дуу хоолой болохыг хүсдэг өөр нэгэн эмэгтэй байна. Бас сайн ээж болох энгийн боловч чухал хүслийг эмэгтэйчүүд өвөртөлжээ.

Энэ бичлэгт мөн Нобелийн шагналт охин Малала Юсуфзай болон олны танил хэд хэдэн эмэгтэйг багтаасан байна. Амжилт, алдар нэрд хүрсэн эмэгтэйчүүд ч өмнөө том зорилго мөрөөдөлтэй байгааг энэхүү бичлэгээс олж харж болох юм. Малала охины хувьд “Нэг л өдөр охид бүр сургуульд явах боломжтой болно” гэж мөрөөдөж явдгаа энэ бичлэгт хуваалцсан юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Гүүгл" корпораци эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт зориулсан дүрс бичлэг нийтэлжээ  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй