
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тухай тогтоолыг дуу нэгтэйгээр баталсан. Тэгвэл өчигдөр үүн дээр нэмэн БНСУ Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгасан байна. Энэ хүрээнд Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой байж болзошгүй 38 хувь хүн, 24 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад нэмлээ. Үүнээс гадна Умардад шууд бус замаар дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр гуравдагч орны хоёр хувь хүн, зургаан аж ахуйн нэгж Өмнөд Солонгосын нэмэлт хориг арга хэмжээнд багтжээ.
Мөн өнгөрсөн 180 хоногийн дотор Умард Солонгосын боомтуудад зогссон хөлөг онгоцуудад Өмнөд Солонгосын шинэ хориг үйлчлэхээр болсон байна. Өмнөд Солонгосын санхүүгийн хориг арга хэмжээний хар жагсаалтад нэмэгдсэн хувь хүмүүсийн дотор Сингапур, Тайванийн иргэд байгаа талаар тус улсын Засгийн газар мэдэгдлээ. Эдгээр иргэн нь хөлөг онгоцны фирм, худалдааны компанийн захирлууд юм байна. Мөн хар жагсаалтад Тайландын “Маринерс Шиппинг энд Трейдинг” хөлөг онгоцны компани болон Тайванийн “Рояал Тийм Корпорейшн” компани багтсан байгаа юм. Эдгээр хувь хүн, аж ахуйн нэгж хар жагсаалтад нэмэгдсэнээр Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжтэй арилжаа наймаа хийх эрхгүй болж байна. Мөн тэдний Өмнөд Солонгос дахь хөрөнгийг царцааж байгаа юм.
Үүнээс гадна Хятад улс Умардын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, тус улсын 31 хөлөг онгоцыг хар жагсаалтад багтаасан байна. Өчигдөр Умард Солонгосын “Гранд Каро” нэртэй ачаа тээвэрлэгч хөлөг онгоц Хятадын зүүн хойд хэсэгт орших Жичжао боомтод хүрч очсон боловч боомтод зогсох зөвшөөрөл олгоогүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. 6.593 тоннын тус хөлөг онгоц одоо Жичжао боомтоос 35 км зайтай зангуугаа хаян зогсож байгаа юм. Үүний дараа мөн хар жагсаалтад багтсан хоёр өөр хөлөг онгоц Хятадын боомтуудад очсон ч мөн адил шалтгаанаар буцсан мэдээ байна.
БНСУ БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгалаа | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.