
Өчигдөр Италийн Венец хотод тус улсын Ерөнхий сайд Маттео Ренци Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзжээ. Энэ уулзалт хоёр орны сайд нарын түвшний 33 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан байна. Итали, Францын дээд түвшний уулзалтын гол хэлэлцэх асуудлын тоонд Ливийн хямрал, эдийн засаг болон цагаач дүрвэгчдийн хямрал зэрэг сэдэв багтжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Францын нийслэл Парис хотноо "Исламын улс" бүлэглэлийн зохион байгуулсан алан хядах ажиллагааны үеэр Венец хотын иргэн Валериа Солесин амь үрэгдсэн. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг түүний дурсгалд зориулж байгаа юм.
Дээд хэмжээний уулзалтад Итали, Францын батлан хамгаалах, зам тээвэр, дэд бүтэц болон дотоод хэргийн сайд нар оролцсон байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Италийн Ерөнхий сайд, Францын Ерөнхийлөгч нар уулзаж, Италийн хойд хэсэгт орших Турин хотыг Францын зүүн бүсийн Лион хоттой холбосон өндөр хурдны галт тэрэгний төмөр зам байгуулах тухай нэмэлт протоколд гарын үсэг зурсан байна. Харин хоёр хотыг холбосон төмөр зам байгуулах ажлыг эхлүүлэх, мөн Венецийн давст нууранд аяллын том хөлөг онгоцууд зогсоохыг эсэргүүцсэн 500 гаруй хүн уулзалтын өмнө жагсаал зохион байгуулсан байна.
Зарим жагсагч Венец хотын Гэгээн Маркийн талбайн өмнөх нууранд 20 орчим тооны завьтай очиж, цагдаа нартай мөргөлджээ. Цагдаагийн хөлөг онгоцууд жагсагчдын завийг хашиж, нуурын эрэгт хүргэлгүй зогсоосон байна. Үүнээс гадна уулзалтын өргөн чөлөөнд дахин нэг жагсаал болсон тухай "Ассошиейтэд Пресс" уламжилж байгаа юм. Гэхдээ Итали, Францын дээд хэмжээний уулзалт эхэлсний дараа жагсагчид удалгүй таржээ.
Итали, Францын удирдагчид уулзлаа | ||
Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.