Шууд Chart

Олон бүс нутагт нарны бүтэн хиртэлт ажиглагджээ

2016-03-10 11:27:58

Өчигдөр өглөө бид та бүхэнд дэлхийн зарим бүс нутгаар нарны бүтэн хиртэлт болж байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл зарим орны иргэд нар хиртэлтийг хэрхэн үзэж сонирхсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Нар, дэлхийн хооронд сар орж, нар хиртэх үзэгдлийг өчигдөр өглөө дэлхийн цагийн 3 бүсийг дамнан оршдог 12 бүс нутгийн 40 сая орчим хүн үзэж сонирхох боломжтой байсан байна. Олонх бүс нутагт нарны тал хиртэлт үзэгдсэн, харин Индонезийн зарим аралд хамгийн ихдээ 4 минутын турш нар бүтэн хиртжээ.

Индонезийн Борнео арлын уугуул оршин суугчид нар хиртэлтийг угтан уламжлалт ёслолоо зохион байгуулсан тухай сонирхолтой мэдээ мөн ирж байна. Монголд Рах гэгч аварга амьтан нарыг залгиснаас нар хиртдэг гэх домог байдаг. Харин Индонезийн Борнео арлын уугуул иргэдэд үүнтэй тун төстэй домог буюу Батара Кала гэх чөтгөр нарыг залгихад нар хиртэлт болдог гэх домог байдаг юм байна.

Иймээс нарыг муу хүчин залгихаас сэргийлж, үлдэн хөөхийн тулд өчигдөр Борнео арлын иргэд хулсаар хийсэн бөмбөр нүдэн, их чимээ гаргажээ. Мөн бөө удганууд хүмүүсийн ирээдүйг зөгнөн, мэргэ төлөг хийх заншил ч өргөн ажиглагдсан байна. Эрдэмтэд нар хиртэлтийн үеэр судалгаа хийхээр Индонезийг зорьж байгаа талаар бид мөн мэдээлсэн. Тэгвэл эдгээр эрдэмтэд нар хиртэлтийн зургийг авч, үүгээрээ нарны цөмийн талаар мэдээлэл цуглуулж байгаа гэж энэ судалгаагаа тайлбарлаж байна. Нарны хурц гэрэл саранд бүрэн халхлагдсан үеэр л нарны цөмийн талаар нарийвчлан судлах боломж бүрддэг юм байна.

Та бүхэнд сонирхуулахад, нар хиртэлт болох үеэр нар луу эгц ширтэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нүдний харах хүчин чадлаас хэтэрсэн хэмжээтэй гэрлийн өөд эгц ширтэхэд нүдний торлог бүрхэвчийг гэмтээх магадлалтай байдгаас мэргэжилтнүүд ийнхүү зөвлөж байгаа юм. Иймээс нар хиртэлтийг камер болон одон орны дурангаар ажиглахдаа ч заавал тусгай зориулалтын шил зүүх хэрэгтэй юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Олон бүс нутагт нарны бүтэн хиртэлт ажиглагджээ  
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй