Шууд Chart

Македон Гректэй залгаа хилээрээ цагаач дүрвэгчдийг нэвтрүүлэхгүй гэв

2016-03-10 13:57:02

Македон улсын эрх баригчид Гректэй залгаа хилээрээ цагаач дүрвэгч нэвтрүүлэхгүй болохыг өчигдөр мэдэгдлээ. Ингэснээр Грекээр дамжин Балканы хойгийн орнуудыг зорьж байгаа цагаач дүрвэгчдийн ашигладаг гол зам хаагдаж байна. Үүний өмнө Словени улс өөрийн хилээр цагаач дүрвэгч нэвтрүүлэхийг хориглосон юм. Улмаар Македонтой хил залгаа Серби мөн ийм шийдвэр гаргаснаас үүдэлтэйгээр Македон өөрийн Гректэй залгаа хилээр цагаач дүрвэгч оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Македон хилээ хааснаас хойш одоогийн байдлаар хоёр орны хил дээр гацсан цагаач дүрвэгчдийн тоо 13 мянгад хүрч, нөхцөл байдал улам бүр хүндрэх төлөвтэй байгаа юм. Та бүхэнд эргэн сануулахад, өнгөрсөн онд Хойд Европыг чиглэсэн олон зуун мянган цагаач дүрвэгч Македоны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн.

Харин тус улс дүрвэгчдийн урсгалыг сааруулахын тулд эхлээд нутаг дэвсгэртээ зөвхөн дайн хямралтай байгаа Сири, Афганистан, Иракийн дүрвэгчдийг хүлээн авах хязгаарлалт тогтоож, цааш хязгаарлалтынхаа цар хүрээг улам бүр нэмэгдүүлсээр, одоо зөвхөн Сириэс хүрч очсон цөөн тооны дүрвэгчийг л хил нэвтрүүлж байна.

Грекээс Македон руу нэвтрэх найдвар өвөртөлсөн цагаач дүрвэгчид хилийн ойролцоо майхан босгон, хоног төөрүүлж байна. Өчигдөр Словенийн эрх баригчид улсад нь орогнол эрэх хүсэлтэй, эсвэл хүмүүнлэгийн тусламж яаралтай шаардлагатай байгаа цагаач дүрвэгчдийг л өөрийн хилээр нэвтрүүлэхээр болсноо зарласан юм. Словенийн Ерөнхий сайд дээрх шийдвэрээ танилцуулахдаа Балканы хойгоор хууль бус цагаачдын дамжин өнгөрдөг зам үүгээр эцэс болсон гэж мэдэгдлээ. Үүний дараа Серби улс зохих бичиг баримтгүй дүрвэгчдийг хил нэвтрүүлэхээс мөн татгалзсан бол Хорватын эрх баригчид хилээ хаахаа зарлаад байна.

Мөн Унгарын Дотоод хэргийн сайд улсынхаа өмнөд хилийг хамгаалахын тулд цэрэг, цагдаагийн нэмэлт хүч илгээж, Румынтай залгаа хилдээ хаалт босгох бэлтгэл ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Македон Гректэй залгаа хилээрээ цагаач дүрвэгчдийг нэвтрүүлэхгүй гэв  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2016-03-10 17:12
bolij bitgii oruul baliar haltaruud

Бидэнтэй нэгдээрэй