
Сирид 5 жил үргэлжилсэн дайныг эцэс болгож, энх тайван тогтоох яриа хэлэлцээний дараагийн үе шатыг ирэх 7 хоногт эхлүүлэхээр НҮБ төлөвлөж байна. НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура өчигдөр Женев хотноо сэтгүүлчдэд энэ тухай мэдэгджээ.
Энэ мэдээллээс үзэхэд Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний босогчдын хоорондох яриа хэлэлцээний хоёр дахь үе шат ирэх даваа гарагт эхлэх төлөвтэй байна. НҮБ-ын зуучлал дор зохион байгуулагдаж байгаа энэ хэлэлцээгээр сөргөлдөгч талууд Сирийн засаг захиргааны бүтцэд өөрчлөлт оруулах, мөн шинэ үндсэн хуулийг боловсруулан батлах, цаашид парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах төлөвлөгөөний талаар голлон хэлэлцэх юм.
Яриа хэлэлцээ энэ сарын 24-нөөс өмнө дууссан байна гэдгийг Стаффан де Мистура мөн мэдэгдсэн байна. Гэхдээ энэ удаагийн яриа хэлэлцээнд ямар ямар тал оролцох нь тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн удаад Сирийн сөргөлдөгч талууд тус тусдаа өрөөнд Стаффан де Мистуратай уулзах замаар яриа хэлэлцээнд оролцсон юм. Энэ удаад ч мөн хэлэлцээг энэ маягаар зохион байгуулахаар НҮБ төлөвлөж байна. Энэ хооронд Сирид гал зогсоох хэлэлцээр үргэлжлэн хэрэгжсээр байна.
Гэхдээ гал зогсоох хэлэлцээр хэтэрхий ерөнхий шинжтэй үйлчилж байна гэж Стаффан де Мистура үзэж байгаа юм. Гал зогсоох хэлэлцээрийн дор НҮБ 240 мянга гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн талаар мэдээлж байна
Сирийн хэлэлцээний дараагийн үе шат ирэх даваа гарагт эхэлнэ | ||
Үзсэн: 674 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.