
Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "BMW" компани үүсгэн байгуулагдсан 100 жилийнхээ ойтой золгож байна. Тус компанийнхан энэ түүхэн ойдоо зориулан ирээдүйн автомашин ямар өнгө төрхтэй байхыг тодорхойлсон автомашины цоо шинэ загвараа олон нийтэд танилцууллаа.
Үйл ажиллагаагаа эхлээд нэгэн зууныг ардаа үдсэн "BMW" компани ирэх зууны өнгө төрхийг "BMW Vision Next 100" автомашинаараа төсөөлж байна. Өндөр хүчин чадал, бас автомат жолоодлогыг санал болгох энэ автомашины хараа булаам загвар, ирээдүйгээс ирсэн мэт өнгө төрх олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Гэхдээ өнгө үзэмжээс гадна тансаг загварын энэ автомашин жолоочийн болон зорчигчийн тав тухыг хангах олон шинэлэг шийдлийг агуулсан болохыг "BMW" мэдэгдэж байгаа.
Тухайлбал "BMW Vision Next 100" эзлэхэд хамгийн тохиромжтой эгнээ, мөн явах хамгийн тохиромжтой хурдыг жолоочид зөвлөх чадвартай. Харин автомат жолоодлогыг идэвхжүүлсэн тохиолдолд жолооны хүрд хумигдаж, жолооч болон урд суудалд яваа зорчигч өөд өөдөөсөө харж суун, ярьж хөөрөх боломжийг нээжээ. Хамгийн сүүлийн үеийн автомашинууд ихэвчлэн үүн шиг автомат жолоодлогын давхар тохируулгатай үйлдвэрлэгдэх болсон.
Ингэснээр жолоочгүй автомашин өмнө нь ердөө зөгнөлт кинонд гардаг байсан бол ойрын жилүүдэд бодит амьдралд биеллээ олох боломж бүрдэж байна. "BMW Vision Next 100" зөвхөн гадна өнгө үзэмжээсээ гадна доторх салоны тав тух, суудлын шинэлэг хэв загвартаа ирээдүйн дүр төрхийг агуулжээ. "BMW"-гийн 100 жилийн ойд зориулсан "BMW Vision Next 100" 4,9 метр урт, 1,37 метр өндөртэй. Бүх талаасаа шинэ, гял цал байдлыг илтгэж байгаа ч үнэндээ энэ автомашиныг гол төлөв дахин боловсруулсан материал ашиглаж бүтээсэн гэдгийг "BMW" тодотгож байна.
Ирээдүйн автомашины өнгө төрхийг тодорхойлогч | ||
Үзсэн: 1623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.