
АНУ-ын зарим хотод жавартай хүйтэн өвлөөр шинэхэн хүнсний ногоо тариалах шинэ санаачилга нэвтрүүлсэн талаар "Ассошиейтэд Пресс" агентлаг мэдээлж байна. Өндөр барилга олонтой Нью-Йорк хотын нэгэн дүүрэгт АНУ-ын "Готам Грийнс" компани өдрийн турш нар үздэг дээврийн давхрыг ашиглан хүлэмж байгуулж, түүндээ хүнсний ногоо тариалж эхэлсэн байна.
Энэ санаачилга нь хүйтний улиралд ногоо тарихад шаардлагатай халаалт, тээврийн зардлыг танах тун мэргэн арга гэж тус компани үзэж байна. Нью-Йорк хотын томоохон савангийн үйлдвэрийн дээвэрт байгуулсан "Готам Грийнс"-ийн хүнсний ногоо тариалдаг хүлэмж нь 7 мянган шоо дөрвөлжин км буюу хөлбөмбөгийн 2 талбайг нийлүүлсэнтэй дүйцэхүйц аварга хэмжээтэй байгаа юм. Үйлдвэрийн дээр байрлаж байгаа тул хүлэмжид ногоо ургуулахад халаалтын зардал тун бага зарцуулдаг байна. Ийнхүү барилгуудын дээвэрт хүлэмж байгуулах замаар АНУ-ын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг улам нэмэгдүүлэх боломжтой гэж "Готам Грийнс" компани үзэж байна.
Энэ бүс нутагт уламжлалт замаар газар ногоо тариалахад жилд 2-4 удаа л ургац хураах боломжтой. Харин дээвэр дээрх хүлэмжийн хувьд энэ тоог наад зах нь 6 нугалсан буюу 25 удаагийн ургацыг зөвхөн нэг жилд хураан авдаг байна. Үүнээс гадна дээвэр дээрх хүлэмж бас нэгэн томоохон давуу талыг хэрэглэгчид, үйлдвэрлэгчдэд нээж байна. Навчит ногоо тээвэрлэх замд амархан хатаж, мууддаг. Харин үйлдвэрлэгчид дээврээсээ хураасан шинэхэн ногоог хол замд тээвэрлэлгүйгээр шууд хэрэглэгчдийн гарт хүргэх боломжийг эдгээр хүлэмж нээж байгаа юм.
АНУ-ын аварга хүлэмж | ||
Үзсэн: 1523 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.