
Таван жилийн өмнө буюу 2011 оны энэ өдөр Японд 9 баллын хүчтэй газар хөдлөлт болох үеэр Фукушима атомын цахилгаан станц цунамигийн давалгаанд автжээ. Үүний дараа эрчим хүч тасран, реакторын цөмийг хөргөх боломжгүй болсны улмаас цөм аажмаар хайлж, дэлбэрэлт үүссэн байдаг.
Тус станцын толгой компани болох Токиогийн цахилгаан эрчим хүчний компани ТЕПКО Фукушима Дайичи атомын цахилгаан станцаас 2020 он хүртэл цацраг идэвхт бодис алдагдсан хэвээр байна гэж мэдэгдлээ. Үүнээс гадна Фукушима Дайичи атомын цахилгаан станцын ойр орчимд үүссэн цацраг идэвхт бодисын бохирдлыг цэвэрлэж, бүс нутгийг нөхөн сэргээх, эрчим хүчний шинэ станц байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж дуусгахад дахин 40 гаруй жил шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.
2011 онд Японы Фукушима Дайичи атомын цахилгаан станцад осол гарсны дараа тус станцын реакторын цөм хайлж дэлбэрэн, агаар мандалд их хэмжээний цацраг идэвхт бодис тархсан. Энэ тухай олон нийтэд шуурхай зарлалгүй цаг алдсан гэдгээ тус цөмийн цахилгаан станцыг хариуцан ажиллуулж байсан Токиогийн цахилгаан эрчим хүчний компани ТЕПКО хүлээн зөвшөөрсөн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Фукушима атомын цахилгаан станц цунамигийн давалгаанд цохигдсоноос хэдхэн цагийн дараа тус станц дахь реакторын цөм хайлж эхэлсэн байна. Харин ТЕПКО ослоос хойш хоёр сарын турш энэ тухай мэдээллийг эрс няцаасаар байсан юм.
Тус компанийн дотоод журамд зааснаар реакторын цөмийн 5-аас дээш хувь хайлсан тохиолдолд олон нийтэд цаг алдалгүй зарлах ёстой байдаг байна. Энэ журам яагаад мөрдөгдөөгүй болохыг тус компанийн удирдлага мөрдлөг шалгалт явуулан тогтоохоор төлөвлөж байна. Фукушима Дайичи атомын цахилгаан станцын ослыг 1986 онд Чернобыль хотын атомын цахилгаан станцад болсон ослоос хойших хамгийн том цөмийн гамшигт тооцож байна. Фукушима атомын цахилгаан станцад осол гарсны дараа тус бүс нутгаас 160 орчим мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Эдгээр оршин суугчдын олонх нь цацраг идэвхт бодисын бохирдол өндөр хэвээр байгаа тул орон гэртээ буцах боломжгүй байгаа юм.
Фукушима Дайичи 5 жилийн дараа | ||
Үзсэн: 3104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.