Шууд Chart

Мьянмарын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрс тодорлоо

2016-03-11 16:27:21

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон бүх нийтийн сонгуулиар Мьянмар улсын парламентад олонхын суудал авч, засгийн эрх баригч болсон Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам ерөнхийлөгчид нэр дэвшигчдийнхээ нэрсийг албан ёсоор зарлалаа. Мьянмар улсад ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар бус, харин парламентын дээд доод танхим болон цэргийн эрхтнүүдийн тус бүр шалгаруулсан 3 нэр дэвшигчээс парламентын гишүүд дунд санал хураалт явуулан сонгодог онцлогтой юм. Өмнө нь сөрөг хүчний байр суурьтай байсан Ардчиллын төлөөх үндэсний холбоо намын дарга бол Нобелийн шагналт улс төрч Аун Сан Су Чи юм.

Түүний нам өнгөрсөн сонгуульд ялалт байгуулсаны дараа Мьянмарын дараагийн ерөнхийлөгчөөр тодрох хамгийн их магадлалтай хүнээр яах аргагүй Аун Сан Су Чи нэрлэгдэж байсан. Гэхдээ Аун Сан Су Чи-гийн хүүхдүүд гадаад улсад иргэншилтэй учраас Мьянмарын Үндсэн хуулийн дагуу тэрээр ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсон байна. Иймээс Ардчиллын төлөөх үндэсний холбоо намын парламентын доод танхим дахь хууль тогтоогчид Хтин Кью-г, дээд танхимын хууль тогтоогчид Хенри Ван Тиог ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ.

Мьянмарын парламентын 2 танхимын хууль тогтоогчид дунд эдгээр нэр дэвшигч болон бусад намын нэр дэвшигчдийн төлөө санал хураана. Парламентын 2 танхимд Арчиллын төлөөх үндэсний холбоо нам олонх болсон учраас эхний шатанд тус намын нэр дэвшигчид тунан үлдэх нь тодорхой байна. Парламентын дээд болон доод танхимын санал хураалтад ялагчаар тодорсон 2 нэр дэвшигч цэргийн эрх мэдэлтнүүдийн сонгосон нэр дэвшигчтэй өрсөлдсөнөөр Мьянмарын ерөнхийлөгч тодрох учиртай. Харин сүүлийн өрсөлдөөнд ялагдсан 2 нэр дэвшигч Мьянмарын дэд ерөнхийлөгчөөр томилогдох юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Мьянмарын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрс тодорлоо  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй