
АНУ-ын өмнөд хэсэгт их хэмжээний аадар бороо орсноос үүдэн үеийн гамшиг нүүрлээд байна. Тус улсын Луизиана, Оклахома, Арканзас болон Миссисипи, Теннесси, Техас муж улс үерт нэрвэгджээ. Эдгээрээс Луизиана муж улсад нөхцөл байдал хамгийн хүнд байна. Тус муж улсын захирагч захиргааны хэд хэдэн дүүрэгтээ онц байдал зарласны зэрэгцээ аврах ажиллагаанд туслуулах нэмэлт баг томилжээ.
Үерийн улмаас Луизиана муж улсад одоогийн байдлаар 3 хүн амь үрэгдсэн байна. Мөн их хэмжээний уснаас үүдэн даацаа дийлэлгүй нэг гүүр нуржээ. Луизиана муж улсын засаг захиргаа үерт нэрвэгдсэн бүс нутагт нийт 3500 айлыг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлж, томоохон хурдны замуудыг түр хугацаагаар хаасан байна. Одоогоор 80 гаруй айлын байшин усанд автсан мэдээ байгаа юм.
Оклахома муж улсад автомашинтай явсан 30 настай эрэгтэй үерлэсэн гүүрээр гарахыг оролдож байгаад амь үрэгдсэн байна. Миссисипи муж улсын баруун болон баруун хойд хэсэгт нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тус улсын амбан захирагч онц байдал зарлан, аврах нэмэлт хүч томилжээ. Миссисипигийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр усны 3 далан даацаа дийлэлгүй сэтэрсэн байна.
Ийнхүү гэнэт орсон их хэмжээний аадар борооноос үүдэн үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Зарим бүс нутагт унасан хур тунадасны хэмжээ 50 см-т хүрсэн мэдээ байгаа юм. Цаг уурын урьдчилсан мэдээгээр аадар бороо цаашид үргэлжлэн орох төлөвтэй байна.
АНУ-ын өмнөд мужуудад үерийн улмаас 5 хүн амь үрэгджээ | ||
Үзсэн: 1624 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.